Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Эрэнжидийн Хархүүгийн "Тос даасан монгол айл" шүлгийг сонсогч танд хүргэж байна.
Уншсан: Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар
Тос даасан монгол айл
Зэлний адуундаа эрвэлзсэн хэдэн морьтой
Зэрэглээт талдаа ачлагын хэдэн аттай
Товир цагаан хоньд нь хотоо чимж цайрсан
Тос даасан монгол айл хөдөө говийн минь нүнжиг
Гадаа буухад андшгүй уяа хэц нь цэмцийгээд
Ган дөрөө ханхийлгэх унаган морьд нь сэрвэлзээд
Босгыг нь алхахад андашгүй айраг цагаа сэнгэнээд
Бодол санаа нь илхэн эздийх нь сэтгэл тэнийгээд
Өөдөө! Дээшээ! Гэсэн өргөмж дотно үгэнд нь
Өрдсөн улаан гал нь дүрэлзэнхэн асаад л
Зоогло, тухал гэсэн зочирхуу сайхан аашинд нь
Сөгнөж тавьсан айраг нь сөл ханхлан цоргиод л
Замын алжаал арилам тортог суугаагүй монгол зан
Замилан даянаа ховорхон тос даасан монгол айл!
Хуучин цагийн хадаг нь тоонын салхинд намирсхийсэн
Хул зандан хусуур хойморын унинд хавчуулаастай
Шашир дэл хийсгэсэн арслантай авдарны урдуур
Шанз эсгий тойруулганы алхан хээ дурайгаастай
Нүгэлгүй цагаан сэтгэлийн нүнжиг буян хурсан
Удмын монгол заншлынхаа учгийг тогтоон барьсан
Тоонон дээрээ алтан нартай
Тотгот тулгандаа аранзал галтай
Тоост хорвоогийн мөнхийн голомт
Тос даасан монгол айл аа !
Хурай,хурай,хурай!
Сэтгэгдэл ( 0 )