Нийслэлийн хэмжээнд 379 хүүхэд томуугийн шалтгаантай эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

-Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна-

Томуугийн дэгдэлт өнгөрөгч аравдугаар сараас эхэлсэн бөгөөд В хүрээний вирус тархаж байсан. Томуугийн дэгдэлтийн оргил үе нь арванхоёрдугаар сард үргэлжилж А хүрээний вирусийн тархалтаар солигдож нэгдүгээр сараас буурсан юм. Томуугийн дэгдэлтийн үе эмгэг жамаараа буурсан боловч нөгөө талаар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор огцом  багассан гэж эмч нар хэлэв. Хоёрдугаар сард короновирусний хөл хорио тогтоосноор дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр хүүхдүүд ханиад томуугаар өвчилж хэвтэн эмчлүүлэх нь эрс буурчээ.

 

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг хөл хөдөлгөөн багатай бөгөөд хөл хорио тогтоосон учраас гаднын хүн дотогш оруулахыг хориглосон байв. Тус эмнэлгийн дарга М.Чимгээ “Коронавирсний халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ цаг үед манай улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, маш сайн урьдчилан сэргийлж байна. Эрүүл мэндийн салбарынхан найман пост дээр хуваарилагдан ажиллаж, манай эмнэлгийн эмч ажилчид Багахангай дүүргийн пост дээр 24 цагаар долоо хоног ажиллаад  өнөөдөр буулаа. Олон зуун эмч, алба хаагчдын цаг наргүй хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд эх орондоо бид шинэ төрлийн вирусний халдваргүй байна шүү дээ. Дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч нарыг болж өгвөл эргэлт авахгүй байхыг сануулж байгаа. Учир нь олон хүн орж гарна гэдэг томуугийн халдвар тарах эрсдэлтэй” гэв.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг мөн л эл хуль байв. Тус эмнэлэг нь 210 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 18 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн албан ёсны тоон мэдээллийг хүргэсэн юм. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 17, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 57, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 85, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 34, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 79, Баянзүрх Эрүүл мэндийн төвд 14, Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 20 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол Багахангай дүүргийн эмнэлэгт нэг ч хүүхэд хэвтээгүй байна. Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдэд нийт 379 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштой хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн Түргэн тусламжид 637 дуудлага ирснээс 40,8% нь томуу, томуу төст өвчин байна.

 

Нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногт амбулаторийн 39085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар , өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн Түргэн тусламжид 637 дуудлага ирснээс 40,8% нь томуу, томуу төст өвчин байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Коронавирустэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн хөл хориог энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гарсан тул хүүхдүүд гэр, гэртээ цахимаар хичээллэж байгаа. Эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу гараа тогтмол угааж, ариун цэврийн дэглэм сахиж, гэр орондоо ариутгал цэвэрлэгээ хийж, үр хүүхдэдээ тэжээллэг хоол хүнс өгч , эрүүл ахуйн боловсролыг сахиж хэвшиж байгаа нь томуугийн дэгдэлт буурах үндсэн нөхцөл юм гэдгийг  эмч нар онцолж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top