ЭМЯ: Албан тасалгаанд буй хүмүүс НЭГ МЕТРИЙН ЗАЙТАЙ суух хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.04/

ДЭМБ-ын гуравдугаар сарын 3-ны өдрийн мэдээллээр шинээр гурван оронд КОВИД-19 халдвар бүртгэгдэж, өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 76 улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгджээ.

Итали, Герман, БНСУ, Япон зэрэг орнуудад шинэ коронавирусний халдварын голомт эрчтэй тархаж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах үүднээс дэлхийн улс орнууд өвөрмөц арга хэмжээнүүдийг авч байна. Жишээлбэл, Польш улс зургаан сар хэрэгжих Ковид-19 халдварын үед авах арга хэмжээний тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барихгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд байгаа хүмүүс нэг метрийн зайтай суухыг суухыг зөвлөж байна” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д тусгаарлагдаж буй сэжигтэй тохиолдлыг тоо буурч, 123 болсон. КОВИД-19 улирлын томуугаас хүнд явцтай байна. Улирлын томуугийн нас баралтын тоо нэг хувиас доош байсан бол КОВИД-19 халдварын тоо гурван хувиас дээш байна. ДЭМБ-аас эхний ээлжид хагас сая хувийн хамгаалах хэрэгслийг 27 оронд хуваарилсан” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "Германаас ирсэн ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Мөн орон нутагт ажиллуулахаар төлөвлөж байна. Тэд оношилгоо эмчилгээний заавар дээр халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зөвлөгөө өгч байгаа. Маргааш буюу гуравдугаар сарын 5-нд Туркийн онгоцоор ДЭМБ-аас нийлүүлж буй тодорхой ачааг хүлээж авна.

Нэгдүгээр сарын 9-өөс хойш 841 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 461 хүний ажиглалтад аваад байна. Урьд шөнө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 138 хүн ирсэн, тэдгээрээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 12 хүнийг Дарханд ажиглалтад авсан" гэв.


МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top