Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.3 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулж байсан. Тэгвэл коронавирусний тархалтай холбоотойгоор таамгаа 0.1 пунктээр бууруулаад байна.
Түүнчлэн вирус тархсан буурай болон хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих чиглэлд 50 тэрбум ам.долларын санхүүжилтийг хүүгүй олгох асуудал яригдаж байна. Тухайлбал, 40 тэрбум ам.долларыг нь богино хугацааны хямралын нөлөөллийг сааруулах чиглэлд, 10 тэрбум ам.долларыг нь эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд олгох аж.
Тус сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ОУВС-гийн гишүүн 189 орны 70-д нь коронавирусний халдвар тархсаныг онцоллоо. Мөн тэрбээр коронавирусний тархалт дэлхийн улс орнуудын бизнесийн салбарт хүндхэн цохилт өгч, хөгжиж буй орнуудын эдийн засагт ихээхэн хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Одоогийн байдлаар коронавирусний улмаас улс орнуудын эдийн засагт үүсэж буй санхүүгийн хэрэгцээг судалж байна. Улс орнуудаас хүсэлт ирэхэд бид хугацаа алдахгүйгээр нягталж, хариу өгөх болно гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )