Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэн. Тухайн иргэнийг Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байранд тусгаарласан байна. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл ирүүллээ.
Франц улсын иргэн Б-тэй 1-р зэргийн хавьтагч болсон галт тэргэнд хамт зорчсон 28 иргэнийг тогтоосон байна. Мөн Улаанбадрах сумаас 70 км-ийн зайд байрлах “Дулаан Уул” кемпэд 37 иргэн, "Зөөгч овоо" кемпэд 22 иргэнийг тусгаарлажээ. Нийт 80 гаруй иргэнийг тусгаарласан байна.
Дорноговь аймгийн ЗДТГ “Халдвар авсан иргэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, гуравдугаар сарын 7-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарласан. Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусний халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, онцгой байдлын дэглэмийг зөрчсөн ажилтан албан хаагч, иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо” гэлээ.
Аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстолоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )