Сэтгэл түгших үед бүх булчин ачаалдаг тул ХУРДАН ЯДАРДАГ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

Сэтгэл түгшилт гэдэг нь сэтгэл зүйн сөрөг нөлөөнд өгч буй бие махбод, сэтгэл зүйн хариу урвал юм. Сэтгэл түгшилт бол айсуй аюулаас сэрэмжлүүлж, түүнийг даван туулахыг албадсан бие махбодын болон сэтгэл зүйн хүчдэлийг ихэсгэж буй нэгэн төрлийн дохио бөгөөд гаднаас ирж буй сөрөг нөлөө, таагүй үйл явдлыг богино хугацаанд шийдвэрлэх ганцхан зорилго агуулдаг. Сэтгэл түгшилт нь тавгүй, зориггүй, айдастай байхыг хэлдэг бөгөөд түгшмээргүй энгийн яльгүй зүйлд сэтгэл байн байн түгшиж, аймааргүй зүйлээс хэт их айж, аяндаа сэтгэл хий зовниж дээрх зовууриас шалтгаалан тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааны болон зан үйлд саад бэрхшээл учруулахыг сэтгэл түгших эмгэг гэнэ. Таны сэтгэл байн байн түгшдэг юм биш биз? Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр танд айдас төрж,  айдас төрүүлсэн нөхцөл байдлаасаа зайлсхийж эхлэх бөгөөд таны айдас гэр бүл , нийгмийн амьдрал, ажилд тань сөргөөр нөлөөлж эхэлдэг талаар эмч онцолсон юм.

СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан “Сэтгэл түгших эмгэг нь бие махбодын талаас ургах мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлдэг.  Ургах мэдрэлийн тогтолцоог синпатик буюу хөөрлийн парасинпатик буюу хөөрлийн дараах гэж хоёр хуваадаг. Синпатик тогтолцоо нь булчингийн системийг ачаалладаг бөгөөд сэтгэл түгшилтийн үед хүний булчин ачаалласнаар маш их ядардаг” гэсэн нь шалтгаангүй ядраад байдаг хүмүүст хэрэг болохуйц мэдээлэл гэж бодож байна.

Ажлын бүтээмж муудах, ядарч сульдах, сэтгэл гутрах зэрэг нь сэтгэл түгшилтээс үүдсэн сөрөг нөлөөлөл юм. Парасинпатик тогтолцоо нь буюу хөөрлийн дараах шинж тэмдэг нь хоол боловсруулах замыг удирддаг бөгөөд сэтгэл түгшсэн үед ходоод хямрах, базлах, хоолны дуршилгүй болох, горойх, гэдэс цанхайх, сөөргөө үүсэх,  өтгөн хатах, гүйлгэх, нойргүйдэх зэрэг шинэ тэмдэг илэрдэг. Олны өмнө тайзан дээр гарах, шалгалтад орох зэрэг үед ихэвчлэн түгшүүр төрдөг бөгөөд шээс хүрэх, бие зарайх, ам хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  

ТҮГШҮҮР ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ?

Түгшүүр үүсдэг нөхцөл шалтгаан нь ойр дотнын хүн нь нас барах, гэр бүлээсээ салах, ажлаас халагдах, хэт ачаалалтай ажиллах, санхүүгийн бэрхшээл тулгарах, хэрүүл маргаан хийх, биеийн болон бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, биеийн өвчнүүд, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй. Нийгмийн айдсын тухайд олны анхаарлын төвд байхаас зайлсхийх, хэн нэгэн өөрийг нь шүүмжлэх вий гэхээс айх зэргээр нийгмийн харилцааны бүхий л түвшинд илэрдэг бөгөөд ажил мэргэжлийн талбарт шинэ ажил түгшүүр дагуулдаг ч нэг ажлыг олон дахин давтан хийж, дадаж сурснаар бага багаар түгшүүр арилдаг байна. Бусдын төлөө санаа зовних, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ, хүмүүс хайртай дотнын хүндээ муу зүйл тохиолдох вий гэж үргэлж түгших нь түгшүүрийн нэг хэлбэр юм. Мөн түүнчлэн томоохон хэмжээний осол гэмтэл, байгалийн гамшиг, дайн дажин болон өвчин тахлын үед хүн төрөлхтөнд айдас түгшүүр бий болдог. Сүүлийн үед дэлхий дахиныг нөмрөөд байгаа шинэ төрлийн коронвирусний халдвар ч хүмүүсийн сэтгэл зүйд айдас түгшүүр дагуулсаар байна. Дэлхийн улс орнуудаас өдөр бүр зуу, зуун хүн халдвар авч хэдэн арваараа үхэж үрэгдэж байгаа мэдээлэлд бөмбөгдүүлж, эргэн тойронд амьсгалахад ч, хүрэхэд ч тусаж мэдэх аймшигт өвчин хүн төрөлхтнийг айдаст автуулж байгаа билээ. Зарим нэг мэдээллийн хэрэгслээр энэ өвчний талаар хэтийдүүлэн мэдээлэх зэргээс болж өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хямралд өртөж, өтөл насныхны даралт нь ихсэж байгааг бид харж байна. Энэ бол сэтгэл түгшилтийн хамгийн том шалтгаан боловч дор бүрнээ өвчнөөс урьдчилан сэргийлж, төр засгийнхаа гаргасан дүрэм журмыг чандлан мөрдвөл хөнөөлт өвчнийг хил давуулан ирүүлэхгүй байх бүрэн боломжтой гэдгийг дахин дахин сануулъя.

НЭГ ЗҮЙЛД ХЭТ ТҮГШСЭН ҮЕДЭЭ АЛИВААГ ӨӨР ТАЛААС НЬ СЭТГЭЖ ЧАДДАГГҮЙ



Сэтгэл түгшилтийн үед илрэх шинж тэмдгийг дурдвал хүүхэн хараа өргөсөх, гар хөлрөх, толгой өвдөх, хоолой боогдож байгаа мэт мэдрэмж төрөх, салганан чичрэх, шоконд орох, шар үс босох, зүрх дэлсэх, сандрах, биеэр хорхой гүйх, дотор муухайрах, цээж бачуурч хөндүүрлэх, амьсгаадах, ямар нэг аймшигтай зүйл тохиолдох гэж байгаа юм шиг санагдах, өөрийгөө удахгүй үхнэ гэж бодох, бодит бус зүйлийг мэдрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.   Өөр нэг жишээ дурдвал багшийн өмнө асуугдаж байгаа  хүүхэд яагаад сандарч, уншсан зүйлээ мартдаг вэ гэхээр багшаас эмээж, түгшүүр үүссэн учир түүний аюултай шинжид төвлөрч,  хүний тархи өөр бусад бүхий л мэдээллийг хаачихдаг байна. Бид нэг зүйлд хэт их түгшсэн, сандарсан үедээ тухайн зүйлээ л бодоод байдаг. Өөр талаас нь сэтгэж, өөр зүйлд төвлөрч чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Хүн төрөлхтөн байгаль, араатан амьтантай ойр орчинд амьдарч асан үед хүнд түгшүүр үүсэхэд тэмцэх, зугтах, зогсох гэсэн гурван механизм ажилладаг бөгөөд автоматаар синпатик буюу хөөрлийн тогтолцоог идэвхжүүлж булчинг ачаалладаг бол нийгмийн тогтолцоонд түгшүүр үүссэн үед зугтах , тэмцэх гэхээсээ илүүтэй нааш цааш холхих гэх мэтээр байж ядсан үйлдэл хийх, юм оролдож онгичих, бүсгүйчүүд ихэвчлэн өөрийн эрхгүй гэр орноо цэвэрлэх, хувцас хунараа угаах гэх мэтээр булчингийн ачааллыг даван туулдаг байна. Түгшүүр гэдэг нь байгаль дээр амиа аврах ашиг тустай боловч нийгэмшлийн тогтолцоонд ашиггүй, сөрөг мэдрэмжүүдийг дагуулдаг учраас түүнийг үр ашигтай даван туулахын тулд хийж амжаагүй зүйлсээ хийх, өөрийгөө аль болох завгүй байлгах хэрэгтэй. Аюул, осол тохиолдсон үед яагаад хүний нүдэнд бүхий л амьдрал нь урсан өнгөрөх шиг харагддаг вэ гэхээр түүнтэй төсөөтэй дурсамжийг хайж, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгээ эрэлхийлж байна гэсэн үг.  Аюултай зүйл гэдгийг танихад тархины ажиллах хурд 0,015 секунд буюу нэг долиор хэмжигддэг бол хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь 0,054 секунд буюу 5 долиор хэмжигдэнэ. Ийнхүү хүний тархи асар өндөр ачаалладаг учир асар их ядардаг.

ТҮГШҮҮРТЭЙ ҮЕДЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ШИЙДВЭР ГАРГА

Түгшүүр нь тухайн зүйлийг даван гарсны дараа л арилдаг.  Ажлаа дуусгасны дараа, шалгалтаа өгсний дараа, үр хүүхэд нь гэртээ ирсний дараа, өвчин зовлон арилсны дараа л түгшүүр арилдаг. Чоно хавханд орохоороо хөлөө тас мэрээд амь зулбан оддог шиг түгшүүрийн үндсэн зорилго нь амьд байхад л оршдог. Нийт хүн амын гурван хувьд нь түгшүүрийг давж гарсан хэр нь түгшүүрийн шинж тэмдэг үлдчихдэг. Үүнийг түгээмэл сэтгэл түгших эмгэг гэж үздэг. Тиймээс энэ түгшүүрийн эмгэгийг эмийн болон сэтгэл заслын эмчилгээгээр дадалжуулж арилгахгүй бол яван явсаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд эхэлдэг. Үндэслэлгүй бодит бус зүйлд санаа зовох ургуулан бодох, хамааралгүй зүйлийг хамаатуулж бодох зэргээр дам сургаар асуудал дэвшүүлж хиймлээр санаа зовдог. Даамжирсан түгшүүр нь тухайн хүнд ямар ч гарах гарцгүй юм шиг, асуудлыг шийдэж чадахгүй хоосорсон юм шиг мэдрэмж төрүүлэх, цочромтгой болох, чанга дуу чимээ, хурц тод гэрэл тээртэй санагдах, дуртай зүйлдээ дургүй болох хандлага илэрдэг юм. Хөнгөн сэтгэл түгшилтийн үеийг сэтгэл түгших нейвроз гэж нэрлэдэг бөгөөд энэ үед ажлаа хийх боломжтой ч гараас нь юм гардаггүй. Түгшүүртэй үед аливааг сөрөг талаас нь хардаг учраас зохистой шийдвэр гаргаж чаддаггүй. Тиймээс мэргэжлийн эмч нар энэ үедээ шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан “Сэтгэл түгших эмгэг нь удамших хандлагатай. Хүрээлэн буй орчин болон багадаа олсон сэтгэл зүйн гэмтэл түгшүүрийн шалтгаан болох боломжтой. Сэтгэл түгшилтийн эмгэгийг багажийн болон  эхоны оношилгоогоор оношлох боломжгүй бөгөөд асуумжийн аргаар оношилдог. Дээр дурдсан шинж тэмдгүүдээс том хүнд гурваас доошгүй, хүүхдийн хувьд нэг шинж тэмдэг хоёр долоо хоногоос дээш хугацаанд илэрсэн тохиолдолд тухайн хүнийг сэтгэл түгшүүртэй гэж үздэг” гэв. Түгшүүрийн үндсэн эмчилгээ нь танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээ буюу сэтгэл зүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт мэдлэг олгох, зан үйлийн сэтгэл заслын эмчилгээ буюу өдөр тутмын амьдралдаа мөрдөх дадал зуршлыг суулгах, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, өөрийгөө удирдах аргуудыг заадаг, эмийн эмчилгээнд нь сэтгэл түгшилтийн эсрэг сонгомол үйлчилгээтэй эм, тайвшруулах, сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эм, булчин суллах эм, нерво трансметрийг блоклодог эмийг бага тунгаар уух зэргээр анагаадаг.

Сэтгэл түгшилтийг эерэг талаас нь харвал самбаачлах чадвар гэж нэрлэж болно. Жишээ нь, бид мөсөн дээр хальтраад унахдаа, машинаа хүчтэй тоормослохдоо, замаар хөндлөн гарахдаа урьдын дадал сурцаараа өөрийгөө аюул ослоос сэргийлж байдаг шиг самбаачлах чадвараараа өдрийн туршид танд тохиолдож болох бүхий л эрсдэлээс  хамгаалж байдаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anatomic opium(202.179.26.207) 2020 оны 03 сарын 12

blood pressure, fear autodestruction

0  |  0
medremj,sensibility(202.179.26.207) 2020 оны 03 сарын 12

daavar ,Endorphins may also produce a feeling of euphoria very similar to that produced by other opioids

0  |  0
Top