Нэгдүгээр сарын сүүлээр коронавирусний халдварын улмаас түр завсарлаад байсан Хятадын сагсан бөмбөгийн лиг ирэх сарын 2-нд дахин эхлэхээр болжээ.
Хятадын сагсан бөмбөгийн холбооноос багуудад илгээсэн бичигт “Коронавирусний халдварын дэгдэлт намжсан, лигт багтай хот, мужуудад байдал хэвийн болсон тул улирлын тоглолтуудыг эхлэх боллоо” гэж дурджээ.
Лиг эхлэх болсонтой холбоотойгоор нэгдүгээр сард нутаг буцаад байсан гадаадын дасгалжуулагч, тамирчдыг багтаа эргэн ирэхийг хүссэн байна. Гэхдээ тэднийг ирэхэд нь 14 хоногийн карантинд оруулна гэжээ.
Гадаадын ихэнх тоглогч Хятадад буцан очихыг хүсэхгүй байгаа ч ирээгүй тохиолдолд Хятадын сагсан бөмбөгийн лигт тоглох эрхийг нь цуцалж, төлөөлөгч агентынх нь эрхийг 2-3 жилээр хасах шийтгэл оноох гэнэ.