СҮМО: 39.8 градус халуурсан Чиёомарүг тусгаарлав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Коронавирусний халдварын улмаас үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа сүмо бөхийн Хаврын тэмцээнд бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах олон арга хэмжээ авч байгаа билээ. Бөх, ояката зэрэг албаны хүмүүсээс халдварын тохиолдол илрэхэд тэмцээнийг цуцална, бөхчүүд хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурвал барилдуулахгүй гэсэн заалт гаргаад байгаа.

Тэмцээний эхний хэд хоног жонокүчи, жонидан зиндааны залуу бөхчүүд халуурсан тохиолдол гарсан ч цолтой бөхчүүдэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
 

Харин өчигдөр дээд зиндааны Чиёомарү Ишиүраг ялаад дэвжээндээ харьсан хойноо 38.6 градус халуурсан гэнэ. Өнөөдөр өглөөний шинжилгээгээр ч халуун буусангүй, 39.7 градус байсан тул барилдаанаас чөлөөлөгдлөө.

Сүмо бөхийн холбооноос “Чиёомарүд Осака хотын эмнэлэгт шинжилгээ хийлгэж, өөрийгөө тусгаарла гэсэн заавар өгсөн. Одоо шинжилгээний хариуг хүлээж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Top