Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 2-нд шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан Франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн 23 хүний давтан шинжилгээнд КОВИД-19 халдвар илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ юм.
2020 оны гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.
Өчигдөр халдварын голомтоос буюу БНСУ-аас тусгай нислэгээр ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчийн ажиглалт, лабораторийн шинжилгээ хийж байна. Бусад хүмүүсийн "Энх саран", Цэргийн төв эмнэлэг болон "Жаргалант" сувилалд хуваарилан ажиглалтад авсан.
Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговь аймагт нэг хүнийг ажиглалтад авсан" гэлээ.