Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.16/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 1697 хүнийг тусгаарлан ажигласан. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн.
Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан монгол иргэн 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилсэн бөгөөд Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Тухайн иргэн гүйлгэх, халуурах зовуурьтай байна. Одоогийн байдлаар шинжилгээ хийж байгаа бөгөөд бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Францаар дамжин ирсэн гэр бүлийн иргэд байгаа. Вьетнам, Эрхүү, Улаан-Үдээр орж ирсэн хүн бий. Мөн Сөүл, Филиппин, Хонг Конг, Тайланд, Эрхүү, Улаан-Үд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна.
Өнөөдөр орой Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 276 монгол иргэн ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байна. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт 14 хоногийн турш тусгаарлана.
Нийслэлийн бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна.
Халдвар авсан Франц хүний бие тогтвортой. Ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна" гэлээ.