Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 2020.03.19-ний 01:00 цагт 256 зорчигч ирнэ

2020 оны 03 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийх үеэр ЗТХЯ-наас мөн мэдээлэл өглөө.

"Коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс, Засгийн газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд өгч буй үүрэг, чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд долоон удаа тушаал гаргасан. Салбарын ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам, тээврийн салбарын 24 мянган ажилтны 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа" гэлээ.

Төр засгийн шийдвэрийн дагуу гадаад улс орнуудаас өндөр настай, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай, нялх бага насны хүүхэд зэрэг онцгой нөхцөлтэй иргэдийг авчрах үүргийг Зам, тээврийн салбар гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд 731 иргэнийг Монголд авчраад байна. Гадаадын улс орнуудаас авчирсан иргэдийг эмнэлгийн байгууллага, тусгаарлах байруудад хүргэх ажлыг АТҮТ зохион байгуулж байгаа. Уг ажилд оролцсон ажилчдаа эргээд 14 хоногт тусгаарлаж байна.

Улаанбаатар-Истанбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.03.18/ өглөө 06:46 цагт хөөрч, Истанбулд орон нутгийн цагаар өглөөний 10:22 цагт буухаар тооцож байна.

Тус нислэгээр 102 зорчигч, 4012 кг карго, 197.8 кг шуудан тээвэрлэж явсан бол Истанбул-Улаанбаатар чиглэлийн OM7262 дугаартай тусгай нислэг Стамбулаас орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрч, Улаанбаатарт 2020.03.19-ний 01:00 цагт буухаар төлөвлөж байна.

Тус нислэгээр 256 зорчигч, 9 тонн карго тээвэрлэн ирэх юм. Зам, тээврийн хөгжлийн яам нь холбогдох байгууллагуудын хамт тус үйл ажиллагаатай холбоотой бүхий л бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Top