Ц.Нарантөгс:"Дархлаагаа сайжруулахын тулд суурь архаг өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 19

-Хамгийн наад зах нь шүд хорхойтох, ангина зэрэг суурь архаг өвчнөө эмчлүүлэхээс эхэлнэ-

Шинэ төрлийн титэмт вирус цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ үед "Хасу Манал" эмнэлгийн захирал, уламжлалт анагаах ухааны доктор Ц.Нарантөгстэй уулзаж коронавирусийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжтой юу гэдгийг тодруулсан юм. Мөн түүнчлэн уламжлал ёсоор цуврал ярилцлагаараа түүнтэй хавар цагийн идээ ундаа, явдал мөрийн талаар ярилцсан юм.

-Титэмт вирус буюу шинэ төрлийн коронавирус дэлхийн 150 улсад тархаад байна. Монголд нэмэх найман хэм хүрэхэд тархалт эхэлнэ гэж яриад байгаа. Яг одоогийн байдлаар Монгол оронд монгол хүн уг өвчнөөр бүртгэгдээгүй байгаагийн нууц байгаа болов уу, эсвэл...?

-Монголчууд төв Азийн өндөрлөг бүс эрс тэс өвөрмөц цаг ууртай газар оронд амьдардаг. Манай аагим халуун, хуурай хүйтэн, хээрийн задгай салхи өөр шүү. Олон зууны дадал болсон цэвэр бэлчээрийн гентэй малын махан хоолтой. Халуун хүйтэн ээлжлэх дөрвөн улиралын турш дархлаагаа зохицуулдаг өвөрмөц дархлаа нь сайн хөгжсөн. Тэрхүү дархлаа нь хүчтэй учир монгол хүн халуун цөл, хүйтэн туйлд ч дасан зохицож амьдардаг зохилдолгоотой. Манай монгол агаар гэдэг тусгай бясалгал хийгээд авах агаар шиг өөрөө зүгээр л орж ирээд хүмүүний хүрдийг цэвэрлэдэг гайхалтай шидтэй. Хүрд буюу энергийн хүрдэн эргэлт сайн бол дархлаа сайн гэсэн үг. Бид энэ өвчинг туслаа гэхэд хөнгөн байдлаар тусаад өнгөрөх байх. Бие султай архаг хууч өвчтэй хөгшчүүд, нярай нялхаст хүнд тусаж магадгүй. Одоо вирусний сайн эмүүд байна л даа. Монгол сайн эм тангууд ч байна. Харин хорио цээрээ сайн барих хэрэгтэй. Дархлаагаа сайн дэмжээд стрессээ дарж тайван амгалан, эерэг зөв бодолтой л байхад болно доо. Сэтгэлээ сайхан болговол бие ариусна тэгвэл хамар дор эргэлдэх хорт хорхойн бөөгнөрөл сарних болно. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж. Бас Монголын заяа гэж бий. Бүгдээрээ л хичээцгээе. Бас муу өвчний нэрийг нэг их хэлж урин дуудаад хэрэггүй, аль болох гэгээн гэрэлтэй сайн сайхан юм ярьж байх хэрэгтэй.

-Шинжлэх ухааны салбарт төдийгүй Монголын уламжлалт анагаах ухааны салбарт энэ өвчнөөс хамгаалах энэ эм тан, вакцин гарах боломжтой болов уу. Манба Дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж коронавирусийн эсрэг үйлчилгээтэй "Хар үрэл" гээчийг гаргалаа шүү дээ?

-Би бол вируслогч биш, халдвар судлагч эмч биш, уламжлалт анагаах ухааны эмч хүн. Коронаирусийг тулгараад ирвэл шууд л эмчилж чадах улс манай эмч нар шүү. Уг вирус нь урьд, өмнө тохиолдож байсангүй. Энэ тухай эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл хомс мөн эртний судар ном дээр ч яг энэ вирусний тухай бичигдэж тэмдэглэгдсэн тов үгүй ба урьд өмнө тохиож байсан вируснүүдээс илүү хүчтэй мутацтай, аливаа эмэнд тэсвэртэй, хоруу чанар ихтэй, үхэлд хүргэж болох аюултай шинэ вирус. Хятадууд хамгийн анх давж өнгөрсөн улс. Хэвлэл мэдээлэлээс үзэхэд Хятадын вирус судлаачид хоёр төрөл мутацад орсон гэж үзэж байгаа. L буюу илүү их хор хөнөөлтэй, S буюу сул түгээмэл ханиадтай төстэй гэсэн хоёр төрөл им юм. Мэргэжлийн эмч хүний хувьд хэлэхэд энэ вирусний вакциныг гаргаж авбал хамгийн сайн урьдчилсан сэргийлэлт эмчилгээ болно. Монгол анагаах ухаан судас бариад коронавирус байна гэж оношлохгүй. Гэхдээ нянгийн халууны их бага, эрхтэн системийнх нь өөрчлөлтийг барина. Уушгины дагшуур хатгалгын бүлэгт бий. Эс боловсорсныг боловсруулах, сарнисныг хураах, нянг нядлах, амирлуулан үйлдэх зэргээр нийтэд нянгийн халуунд авч үзэж засдаг. Эс боловсрох гэдэг нь вирусний нууц үе буюу халуурах хүртэл үеийг хэлнэ. Халуурч дуусахад өвчин боловсорсон байна. Уушигны дагшуур, нянгийн халууныг эмчлэх зарчмаар явна. Бас түргэн засдаг нууц аргууд бий. Яг энэ, тэр вирус гэхгүй судасных нь ирэлтийг нарийн мэдэж дээрх зарчмаар тохируулан эм засал эмчилгээг хийдэг болохоор эмчилгээний арга нь сонин юм. Уушгины дагшуур ханиалга хатгалгын маш олон төрлийн эмүүд бий. Мөн зүү төөнүүр, хануур хатгуур, бариа, соруул гээд олон арга бий. Энэ эм, эмчилгээний аргууд нь цоо шинэ юм биш шүү дээ бидний ханиадыг эмчилж байсан арга шүү дээ. Уламжлалт анагаах ухааны эмч бүхэн л мэднэ. Уламжлалт анагаах ухаанд яг коронавирус эмчлэх арга гэж бичээгүй ч бие махбодыг тэгшитгэх, тамир сэлбэх, ханиалга дарах, хатгалгаа дарах, халуун бууруулах олон эмүүд бий. Ханиад дарах бие тэгшитгэх мана 4 .норов 7, дарву 5, гүмбрэм 7, нян нядлах чуна 5, банзи 12, бонтаг 12 , цэр ховхлох сороол 4 , ханиалга хатгалга дарах лиш 6 гээд захаас нь нэрлэвэл олон.

Аливаа вирус дахилт цаашдын үлдэц үр дагавар ихтэй байдаг. Үүныг уламжлалт анагаах ухааны ухаанд таслах арга байдаг. Тэгэхээр эмчиллээ гээд тайвширч болохгүй.

-Уг өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

-Манай улс гадаад улсаас иргэдээ татан авчирч байна. Вирустэй хүмүүстэй тусгаарлаад эмчилчихвэл халдвар тархахгүй байх боломжтой. Дээр хэлсэнчлэн юун түрүүнд хувь хүн хувийн ариун цэврээ тогтмол сахих, дулаан хувцаслах, хүйтэн агаар салхинд амьсгалын замыг гэнэт цочроохгүй байх, огцом даарахгүй байх ба дархлаагаа сайжруулахын тулд шүд хорхойтох, ангина зэрэг суурь архаг өвчнөө эмчлүүлэх, ажил амралтаа зөв зохицуулах, тогтмол цагт унтах, идэвхтэй хөдөлгөөн ба биеийн тамир хийх, шим тэжээлтэй хоол унд тогтмол хэрэглэх, зөв витаминжуулалт хийх зэргээр өөрийгөө өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

-Монголын уламжлалт анагаах ухаанд улирал солигдоход хүний биеийн таван махбод ээлжлэн өөрчлөгддөг гэсэн байдаг. Хавар цаг болж байна шүү дээ, энэ улиралд хүний махбод хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Эрүүл энх, амар амгалан, урт наслахыг хүссэн хүн бүр цаг улирлын явдал мөрийг сахихаас эхэлнэ. Хаврын улиралд элэг цөсний судал бүх биеээр гүйж нарийн эрчимтэй болно. Цагийн аль ч улиралд гадна дотор таван махбод, хий шар бадган биед хэрхэн тэнцвэртэй оршиж байгаа болон өвчин хөдлөх цаг улирал ба гүйх судалд идээ ундаа явдал мөр, эм заслаа үргэлжид тохируулах хийгээд үүнийг заавал мэдэх шаардлагатай. Бадган эвдэрснээр галын илч доройтож бадган босох цагт гашуун, халуун, эхүүн гурван амттай хоол ундыг хэрэглэх хэрэгтэй. Хаврын цагт хүний тамир үлэмж багасан биеийн хүч дунд зэрэг болдог. Яагаад гэвэл маш хүйтэн байсан өвлийн цагт бол бадган дотроо хурж байсан үе мөн. Тэрхүү хурсан бадган нь хавар цагийн дулаан наранд хөдлөх тул үүнээс болж ходоодны илч буурч багасдаг. Ингэснээр хүмүүсийн хоолны шингэц тааруу болж, хоол ундыг шингээж чаддаггүй болдог. Идээний тунгалагийн боловсролт муудсанаас тамирдах, ядрах, нойр хүрч нозоорох зэрэг бадган өвчний шинж үзүүлдэг. Мөн биед модон махбод буюу элэг, цөсний махбодын судал дэлгэрч бүх биеэр гүйнэ. Судас нь богшрогын дуу мэт буюу утсан хөгжмийн жавхдас адил нарийн эрчимтэй лугшина. Энэ нь улиралдаа дасах бие махбодын өөрийн додоод зохицолдлогоо боловч элэг цөсний өвчтэй хүмүүст өвчин сэдрэхээс анхаарвал зохилтой.

-Хаврын улиралд ямар идээ, ундаа хэрэглэвэл зохилтой вэ?

-Хавар цагт өнжсөн буудай арвай, хуурай газар оршигч амьтны шарсан мах идэх, зөгийн бал, буцалсан усыг халуунаар нь уух, жагааг ширгээсэн танг уух. Хөнгөн ширүүн хоол унд идэж, биеийн хөдөлгөөн хийх, буурцагны хуурай гурилаар биеэ арчих, иллэг хийх зэрэг бадганыг арилгах аргад шамдах хэрэгтэй. Идээ нь нийтэд хөнгөн, ширүүн, бүлээн чанартай хоолыг голлох хэрэгтэй. Шингэхэд хялбар, шинэ, шим тэжээлтэй бүлээн чанартай, амт чанар сайтай хоолыг бага багаар идвэл зохино. Хүнд, сэрүүн, тослог идээ хүртэх, өдөр унтахыг хорих, исгэлэн амтыг тэвчүүштэй. Загас, хонины махаар голлох боловч махыг хэтрүүлэхгүй байх нь чухал л даа. Энэ үед зургаан амттай идээ ундааг хэрэглэвээс зохино. Гашуун амттай идээ ундааг ходоодны шар ихтэй хүн, халуун амттай идээ ундааг ходоодны хий ихтэй хүн, эхүүн амттай идээ ундааг ходоодны бадган ихтэй хүн тохируулан идүүлбэл зохистой. Өглөө өлөн дээрээ алимны цэвэр бүлээсгэсэн шүүсийг 150-200 грамм уух нь нийтэд тохиромжтой боловч ходоодны шингээлт дорой хүмүүст илүү зохистой. Зөгийн балтай буцалсан бүлээн усыг өлөн буюу хоолноос нэг цагийн өмнө өдөрт 2-3 удаа уух нь ходоодны гурван хүчинд тэгш үйлчилдэг. Өглөө өлөн дээрээ дөрөвний нэг хувь ширгээсэн ус нэг аягыг уугаад байхад ходоод цэвэрлэх, халуун нь шингээлт сайжруулах, хөргөвөл ихэнхдээ ходоодны шарыг дардаг. Хоолны дараа хатааж нунтагласан цагаан гааг буцалсан аяга усанд амт оруулах төдий найруулж хоолны дараа өдөрт нэг удаа уух нь хоолны шингээлт сайжруулах, салс цэвэрлэж бадган хийг дарна. Өлөн буюу хоолноос нэг цагийн өмнө аяга буцалсан бүлээн усанд нэг халбага бурам өдөрт нэг удаа уух нь шарыг төлжүүлж хийг дарна. Өглөө үдшийн бүрийд хий хөдлөх цагт уувал сайн.

-Монгол анагаах ухааны сударт хаврын улиралд явдал мөрөө хэрхэн тохируулах тухай сургасан байдаг вэ?

-Хаврын улиралд цэцгийн сайхан үнэр үнэртсэн, элдэв жимс дүүрэн цэцэрлэгт сэрүүн салхи сэвэлзсэн хөхөөн дуу донгодсон, чийг хур тэгширсэн газар оронд суу хэмээн сударт өгүүлсэн байдаг. Энэ нь хатуу өвлийн дараа хүний бие сэтгэлийг сэргээх зорилготой. Манай нөхцөлд бол мод гөлөглөх цагаар шилмүүст болон хусан ойд эрүүл сайхан үнэрт зугаалах , эрүүл агаарт хөнгөн алхах, зөөлөн гүйх тохиромжтой. Бадган өвчинд дулаан газарт илүү алхуулж засдаг. Наранд хэт халахгүй байх, биед угаал хийх, гавар, зандан гүргэм зэргийг түрхэх, дотоодод сэтгэл оюуныг баясуулах, бясалгал үйлдэх зэргээр амгаланг эрхэмлэх хэрэгтэй.

-Хаврын улиралд ямар засал үр дүнтэй байдаг бол?

-Эмэнд жонш, давсны зүйлийн үрлэн эм, засалд бөөлжүүлэг, халуун жин, төөнөлөг голлодог л доо. Шинэ ногоо ургах цагт элэгний өвчтэй хүн хануур хийлгэх хийгээд эм засал өөрчлөгдөнө. Эцэст нь хэлэхэд эмийн сударт цаг улиралдаа зохицуулан идээ унд, явдал мөрөө тааруулваас өвчин үгүй эрүүл оршихын үндэс болно гэж үздэг болохоор монголчууд маань уламжлалт анагаах ухаан хийгээд шинжлэх ухааныг шүтвэл шинэ төрлийн өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ ард түмэн эх орноо хамгаалж үлдэх боломжтой шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярлах(64.119.16.139) 2020 оны 03 сарын 21

Сайхан ярилцлага байна аа.

0  |  0
зочин(202.126.89.43) 2020 оны 03 сарын 21

сайхан ярилцлага байна, баярлалаа\n

0  |  0
Top