Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.20/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Батлагдсан зургаан тохиолдол, сэжигтэй долоон тохиолдлыг хянаж байна. Түргэвчилсэн оношлуурыг баримжаа авахад ашиглаж байна. Албан ёсны хариу PCR буюу төв лабораторийн шинжилгээгээр батлагдана. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Учир нь PCR төхөөрөмжийн хүртээмж байна. Дахин захиалсан байгаа.
Шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан зургаан хүний биеийн байдлын тухайд нэг хүн нь хүндэвтэр, бусад нь дунд зэрэг буюу тогтвортой байна" гэв.
Үүний дараа Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Хэдийгээр бид түргэвчилсэн оношлуурыг тусламжаар, Засгийн газрын хөрөнгөөр тодорхой хэмжээний оношлуур авч байгаа хэдий ч оношлуурын үнэ бол хямд, түүнд зарцуулж буй урвагч бодис, үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ иргэдэд 700 сая төгрөгийн шинжилгээ хийсэн байна" гэв.