Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/
Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 2020 оны 13 дугаар хуралдаан болж дууслаа. Өнөөдөр хэлэлцсэн зүйл бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай, олон улсын хуваарьт нислэг, олон улсын төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай болон дээрх хугацааг сунгаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Гаргасан шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна.
Хэдийгээр БНХАУ КОВИД-19 халдварыг хяналтад авч байгаа боловч Европын орнууд болон АНУ-ын байдал хурцдаж байна. Итали улсад нэг өдрийн дотор 5862 халдвар бүртгэгдэж байна. АНУ-д мөн нэг өдөрт 4825 халдвар бүртгэгдэж байна. Мөн халдвар ОХУ-д эрчимтэй тархаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )