Я.Буянжаргал: Орхон аймагт 44 иргэнийг ТУСГААРЛАСАН

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3222 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байгаа. Өнгөрсөн шөнө Орхон аймгт 44 иргэн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан иргэдтэй хамт 286 эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлагдан ажиллаж байна. 

Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гудамж талбайд халдваргүйтгэл хэрхэн хийх талаар болон ажиглалтаас гарч буй иргэдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах шийдвэрийг гаргасан. Тэднийг тусгаарлан ажиглах хяналтыг орон нутгийн нэгжүүд буюу хороон дарга, сайн дурын идэвхтэн, хэсгийн ахлагч нарыг хамтран ажиллахаар болсон.

Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих талаар Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байранд нь дадлага сургалтуудыг хийгээд явж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувийн эмнэлэг болон сувиллын орыг дайчилж байгаа. Мөн цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна. Эрчимт эмчилгээний эмч нарын тоог овог нэртэй нь гаргаж, шаардлага гарсан тохиолдолд сэлгүүлэн ажиллах тооцооллыг бүрэн хийсэн.

Шинэ коронавирусний халдварын үед дайчилж болохгүй яаралтай тусламжийн буюу гэмтлийн, хүүхдийн, төмөр замын эрчимт эмчилгээний орууд, төрийн тусгай хамгаалалтын болон төрөх тасгийн орууд бий. Тэдгээрийг эхний ээлжинд дайчлахгүй ч шаардлага гарсан тохиолдолд тэнд ажиллаж буй эмч нарыг сэлгэх төлөвлөгөө боловсруулсан. Эрчимт эмчилгээний эмч нарын тоог гаргаж, шаардлагатай үед солилцож ажиллахаар судалсан" гэлээ.

Top