Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.27/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн бусад шинжилгээ үргэлжилж байна.
Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод шинэ коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад шинэ коронавирус илрээгүй.
Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Стамбул-Улаанбаатар гэсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг дэс дараатай шинжилгээнд хамруулж байна. Одоо Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 гаруй хүний шинжилгээг хийх гэж байна.
2020 оны гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос шинэ коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлалтад байна.
2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр, нийт зургаан сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, тандалт , судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байна.
Шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжиж байна гэсэн сайн мэдээтэй байна" гэв.