Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээллээр Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор 919 хүн нас барсан нь Ковид-19 халдвар бүртгэгдсэн цагаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад нийт нас баралт 9134 бүртгэгдсэн. Европ тивд голомтлон гарч байгаа улс орнуудад хувийн хамгаалах хэрэгсэл дутмаг байгаагаас эмнэлэгийн ажилчдын дунд халдвар тархах магадлал өндөр байна.Тухайлбал, Италид эрүүл мэндийн ажилчдын 8 хувь нь халдвар авсан бол, Испани улсад 16,5 хувьтай байна. Испани улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 769 хүн халдварын улмаас нас барж, нийт нас баралт 4,800-г давжээ. Сүүлийн өдрүүдэд тус улсад халдварын улмаас маш олон хүн нас барж байна. Ялангуяа, нийслэл Мадрид хотод 2,400 гаруй хүн нас барсны улмаас цогцос хадгалах үйлчилгээ хүндэрч байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Тиймээс Мадрид хотын захиргаанаас Шүүхийн шинжилгээний хүрээлэнд зохицуулалт хийж, 200 орчим цогцос хадгалах төвийг бий болгохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.