Б.Цэцэгмаа: Хүний сэтгэлийг нь л эхлээд эмчлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

Дэлхийн эмч нарын өдөрт зориулав

Аливаа нэг шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл заавал байдаг. Б.Цэцэгмааг  жаахан байхад аав нь осолд орсны улмаас тархины өвчтэй болжээ. Бяцхан зүрхэндээ аав шигээ өвчтэй хүмүүсийг эмчилдэг эмч болно доо гэсэн хүслийнх нь очийг аав нь ч өрдөж миний охин эмч болно оо гэдэг байжээ. Энэ мөрөөдөлдөө үнэнч явсаар 1986 онд аравдугаар ангиа төгсөөд анагаахт сурахаар болжээ. Тухайн цаг үед эмчийн мэргэжил эзэмшиж хүүхдүүдийг эмнэлэгт нэг жил асрагч хийлгэж “сорьдог” байжээ. Энэ сорилтыг амжилттай давж, 1994 онд  сургуулиа ч амжилттай төгсөхдөө тэрбээр аль хэдийн хоёр охины ээж болоод амжжээ. Ээжийнхээ үүргийг гэртээ гүйцэтгэж байгаад тэрбээр 1997 онд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд есдүгээр хорооны хэсгийн эмчээр ажиллаж эхэлжээ. 2000 онд өрхийн эмнэлгийг ард иргэдэд нь ойртуулж “Энхийн санаа” өрхийн эмнэлэг нэртэйгээр өрх тусгаарлаж Дөлгөөн нуурын ард төвхнөсөн юм.Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Цэцэгмаа эмч өдгөө болтол энэ хорооны өрхийн эмчээр 23 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд тус хорооныхоо дөнгөж төрсөн нялх балчраас эхлээд наян настай буурайг хүртэл танина. “Би чинь оюутан байхдаа л хоёр хүүхэд гаргасан. Тангараг өргөсөн эмч хүнийхээ үүргийг тасралтгүй олон жил гүйцэтгээд дахиж хүүхэд төрүүлэх  ч зав гараагүй шүү дээ” гээд инээмсэглэх эмч хүний эгэлхэн атлаа эгэлгүй түүхээр хамтдаа аялцгаая.

Түүний  нэг өдөр өглөө зургаан цагт босохоос эхэлдэг.  Чингэлтэй дүүргийн Чингэлтэй уулаасаа зорин тэмүүлж өглөө бүр ажилдаа ирэхдээ тэр туйлын аз жаргалтай байдаг. Хэзээ ч тэр ажлаа хол гэж голохгүй, хүнд гэж халгахгүй, цалин бага гэж тамшаалаагүй. Анх тэрбээр 28 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. “Цалин чухал биш ажилтай байх, ажилдаа хайртай дуртай байх, нэг газар тогтвортой, үнэнчээр ажиллах, хамт олонтой байна гэдэг хамгийн сайхан” гээд тэрбээр нүүр дүүрэн инээмсэглэв. Есдүгээр хорооны хувьд хотын төвд ойрхон хэдий ч намаг, хөрсний бохирдол, агаарын бохирдол, тоосжилт ихтэй газар. Амьжиргааны хувьд ч голдуу хөдөө, орон нутгийн иргэд  шилжин ирсэн, ажилгүйдэл ихтэй хороо. Нэг ч барилгагүй байхаас эхлээд бүхэл бүтэн хороолол босон сүндэрлэтэл нь энэ хороонд ажиллаж байгаа түүний анх л үзэж харж байсан үрсүүд өдгөө аав, ээж болчихсон өөрсдийн хүүхдүүдээ Цэцэгмаа эмчид үзүүлж байна гээд бодохоор нэгэн хагас тавиныг хамтдаа элээжээ.

Есдүгээр хороо анх 12 мянган иргэнтэй байсан бол хотын дахин төлөвлөлтөд ороод өдгөө 7000 шахам болтлоо буурчээ. Нүүж шилжсэн иргэд нь Цэцэгмаа эмчийг зориод танд л биеэ үзүүлмээр байна гээд гүйгээд ирэх. Хүний сэтгэлийг соронзон мэт татаж, ээж шиг нь эгч шиг сэтгэгдэл төрүүлдэг увидас нь Цэцэгмаа эмч дэндүү найрсаг, эелдэг зөөлөн харьцаатай. Өвчтөн нэг бүртэй хүн ёсоор, эмч хүний ёс зүйг баримталж харьцдаг. Тэрбээр хүнтэй нүр дүү нь харж ярих дуртай. Хүнтэй ярихын хамгийн эхний соёл бол мэндлэх, хүндлэх ёс гэдгийг тэр үлгэр дуурайл болгосон хүн. Түүнд үзүүлсэн ямар ч хүний сэтгэл өвчнөө марттал сэргээд, инээмсэглээд гарах. Өдөрт 40 орчим хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгч, мөн айлуудаар явж эргэлтээр нярай, жирэмсэн, өндөр настнаа үздэг гээд бодохоор сард 700 гаруй, жилд 10 гаруй мянган хүнд бие болоод сэтгэл санааны тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. “Одоо ч, сайхан сэтгэлээ нээгээд ярилцах хүн ховор болжээ. Биеэ үзүүлэхдээ ч утас шагайгаад суучихдаг. Би утсыг нь цааш нь тавиулж байгаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцах дуртай.  Ярилцаж байж л оношийн 50 хувийг тодруулдаг. Залууст хандаж хэлэхэд мэндлэх, хүндлэх, хүнтэй сайхан ярилцах ёсыг сурмаар байна” гэж эмч маань дахин дахин хэлж байгаа нь хүртэл нэгийг бодогдуулна. “Эмч хүн нэг талаар сэтгэл зүйч байдаг. Өвдөж зовсон хүмүүс инээгээд явна гэж байхгүй шүү дээ. Тэр хүнтэй дотно хүн шиг нь ярилцаж өвчнийх нь анхан шатны оношийг зөв тогтоож, дараагийн шатанд зөв чиглүүлж өгөх нь  бидний үүрэг учраас маш хариуцлагатай ажил. Өдөрт их олон янзын хүн орж ирдэг. Тэр бүртэй нь тохируулан, хянамгай шинжилж, ойлгож харьцах, сэтгэл санааны дэм, урам өгөөд гаргадаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор хүний сэтгэлийг нь л эхлээд эмчлэх хэрэгтэй гэж би боддог” гэж Цэцэгмаа эмч хэллээ.

Сүүлийн үед дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн вируснээс шалтгаалаад уртасгасан цагаар ажиллаж, халдваргүйжүүлэлт, ариутггал цэвэрлэгээг тогтмол хийж, үйлчлүүлэгч нарын халууныг үзэх, асуумж бөглөх, зөвлөгөө өгөх гээд тэдний ажил хоёр дахин нэмэгджээ. Энэ үед эмч нар л хамгийн эрт гэрээсээ гарч, хамгийн орой гэртээ харьж байгаа гэхэд хилсдэхгүй. Аймшигт тахлыг авьяас чадвар, эр зориг, тангараг ёс, хүн чанар, хүнлэг сэтгэл, оюун мэдлэг, хөдөлмөр зүтгэлээрээ хүн төрөлхтөнийг авран хамгаалж буй мянга мянган эмч нарын нэгэн эд эс болж буй өрхийн эмч нарын яруу алдар мундахгүй их ээ. Өрхийн эмч гэдэг айл бүхнийхээ бүхий л амьдралыг мэддэг. Тэр  ч байтугай хүн бүрийн цусны бүлэг, ямар эм тохирох, тохирохгүйг хүртэл мэддэг болчихдог. Энэ хүүхдэд маань тийм хоол зохидог шүү, тэр хүүхдийн маань гэр нь сэрүүхэн байдаг шүү гээд л нарийн ширийн асуудлыг нь хүртэл андахгүй.  “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн дарга Х.Нацаг түүүний талаар “Цэцэгмаа эмчтэй эрүүл мэндийн салбарт 25 жил дөрөө харшуулан хамт ажиллаж байна. Хамт ажиллахад хариуцлагатай, ажилч хичээнгүй, үнэнч тууштай зан нь түшигтэй байдаг. Ард иргэдтэйгээ маш эелдэг, найрсаг харилцаж, зөвлөгөө тусламжийг маш сайн өгч ажилладаг” гэсэн юм.

Нэг үеэ бодвол өрхийн эмнэлэг багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж эхо харах, зүрхний бичлэг хийх, шээсний шинжилгээ хийх, цус биохимийн шинжилгээ зөөх, умайн хүзүүний эсийн шинжилгээг авах, В, С вирусний шинжилгээ хийх, сүрьеэгийн эмийг олгох, физик эмчилгээ хийх, шарлага, эскра хийх, эрүүл мэндийн даатгалаар эм бичих зэргээр олон талын үйлчилгээ, эмчилгээ нэвтэрсэн талаар эмч маань бахдан хэлж байв. Эмч хүн гэдэг байнгын өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч байх үүрэгтэй. Ажлынхаа хажуугаар жилдээ зургаан кредит авах шаардлагатай байдаг тул сургалт семинарт тогтмол хамрагдаж явдаг завгүй хүмүүс. Сүүлийн үед төрсөн хүүхдүүдийн нярайн шарлалт удаан арилж байна. Бас цус багадалттай, тархины даралттай хүүхдүүд  их төрж байна. Хөдөө эрүүл агаарт, цагаан идээн дээр байсан эхийн хүүхдүүдэд ийм эмгэг илэрдэггүй, эрүүл саруул хүүхдүүд төрдөг талаар эмч хэлсэн юм. Цэцэгмаа эмчийн дэвшүүлэн хэрэгжүүлсэн шинэлэг санал санаачилга нь хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлэхгүй, эм тариа аль болох хэрэглэхгүй, ардын уламжлалт аргаар эмчлэх эмчлэх аргыг эхчүүдэд зөвлөдөг ажээ.

Эмч хүний хувьд хорвоо дэлхийд дөнгөж ирсэн нялх үрс агаарын бохирдлоос болж ханиад томуунд дарлагдаж байгааг хараад хамгийн их эмзэглэдэг ажээ. “Ялангуяа энэ жил сайжруулсан түлшний харагдах өнгө шингэрсэн ч үнэртэх өнгө болоод химийн найрлага нь илүү хоруу чанартай болсон шиг санагдсан. Энэ жил хүүхдүүд төдийгүй томчууд ч хоолой бачуурсан зовуурь ихтэй ирсэн. Үүнийг сайжруулсан түлшний төслийн мэргэжилтнүүд нь сонсоосой гэж зориуд хэлье” гэж эмч маань санаа алдав.  Монголын ардын уламжлалт эмчилгээ гэдэг олон мянган жил өвлөгдөн, батлагдсан хамгийн сайн эмчилгээ. Гэртээ шар тос хөвүүлсэн сүүтэй цайгаа уугаад, аргалаа уугиулаад, сүүлний өөхөөр тослоод, мах, цагаан идээгээ идээд явахад эрүүл байна. Европ эм бичихийн хажуугаар цэгэн массаж хийх, хонины махтай аарцтай шөл уух, алим жигнэж идэх, зөгийн балтай татлага хийх, содтой утлага хийх, халуун аньс чацаргана уух, агаарт гарах, наранд шарлага хийх, малын гүзээ идэх, хярамцагтай хоол идэх, элэг сэмжтэй нь шарж идэх гээд эмч маань эхчүүдэд хүүхдүүдээ монгол аргаар эмчлэхийг түлхүү зөвлөснөөр хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, эм тариагаар бөмбөгдүүлэх нь ч эрс багасжээ.

Цэцэгмаа эмч одоо ч завгүй ажиллаж байгаа. Өвчтөнөө үзэх, гэрээр нярайгаа эргэх гээд эмчийн чагнуур, эмийн хайрцагаа бариад алхаж буй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маш чухал өгүүлбэр(202.9.46.176) 2020 оны 03 сарын 29

“Ялангуяа энэ жил сайжруулсан түлшний харагдах өнгө шингэрсэн ч үнэртэх өнгө болоод химийн найрлага нь илүү хоруу чанартай болсон шиг санагдсан. Энэ жил хүүхдүүд төдийгүй томчууд ч хоолой бачуурсан зовуурь ихтэй ирсэн. Үүнийг сайжруулсан түлшний төслийн мэргэжилтнүүд нь сонсоосой гэж зориуд хэлье”

1  |  0
Top