Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд газардлаа. Нислэгээр 43 цэргийн албан хаагч иржээ.
"Буянт-Ухаа" боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав.
Цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлана.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өгөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар дараах хариултыг өгсөн юм.
-Катараас ирж байгаа иргэдийг хаана тусгаарлах вэ. Хэдэн хүн ирэх вэ?
А.Амбасэлмаа:
-Катараас үүргийн онгоцоор өнөөдөр 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Тусгаарласны дараа шинжилгээ авна. Маргааш хариу гарахаар та бүхэнд мэдээлэх болно.
-Тусгаарлах байранд ёс зүйгүй үйлдэл гаргасан иргэдийн нэрийг зарлаж болохгүй юу?
Д.Нарангэрэл:
-Уулын мод урттай, богинотой гэдэг шиг олон хүн дотор сайн, муу хүмүүс байна. Гэхдээ ихэнх иргэд эерэг сэтгэлээр хандаж, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж байна. Тодорхой хэмжээний хөл хорионд орох, тусгаарлалтад байхдаа стресст ордог, түүнээсээ болоод элдэв ааш гаргадаг хүмүүс байна. Гэхдээ бид хүний эрхийг хүндэтгээд нэрийг нь зарлахгүй.
-Нэг удаагийн амны хаалт болон даавуун амны хаалт халдвараас сэргийлж чадах уу?
Д.Нарангэрэл:
-Нэг удаагийн амны хаалт буюу эмнэлгийн амны хаалтыг хоёр цаг тутамд солин, хэрэглэхийг зөвлөж байгаа. ДЭМБ-аас нэг удаагийн шүүлтүүртэй маскыг хэрэглэхийг зөвлөж байгаа ч маск хомсдож байгаа өнөө үед гараар оёсон даавуун маскыг угааж, индүүдээд хэрэглэж болно.
Б.Янжмаа:
-АНУ-ын хувьд N95 буюу нарийн шүүлтүүртэй, эмнэлгийн ажилтнуудад зориулсан маскны хомсдол бий болсон учраас энэ маскийг дахин ариутгах технологитой машиныг ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн байна. Хараахан хэрэглээнд ороогүй байна.