ЧУУЛГАНЫ ТОЙМ: Цар тахлын үед хурал тасалбал хариуцлага тооцно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

УИХ-ын өнөөдрийн /2020.04.07/ чуулганы нэгдсэн хуралдаанд 57 гишүүн оролцож байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, цар тахлын үед парламент цахим хэлбэрээр хуралдаж, шаардлагатай хууль тогтоомжийг шуурхайлан батлах ёстой гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлж байлаа. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ: Байнгын хорооны хуралдааны үеэр саналаа хэлсэн. Энэ бол зөвхөн цахим хуралдааныг хуульчлах асуудал яригдаж байгаа юм. Энэ онцгой нөхцөл үүссэн үед УИХ асуудлыг шуурхай шийдвэрлэхэд энэ хууль хамаатай. Эдийн засаг, хүндрэлийн асуудалд шуурхай хэлэлцэх шаардлагатай. Гэтэл шуурхай горимын үед УИХ зарим нэг хэлэлцэх зүйлээ багасгаж, долоо хоногийн дотор шуурхай шийддэг байх хэрэгтэй. Энэ үед яст мэлхий шиг байх аваас бид өөрсдөө буруудна. УИХ-д суудалтай нам, эвсэл хууль тогтоомж санаачлан шуурхай оруулж ирдэг эрхийг нь нээлттэй болгох хэрэгтэй байна. Цахим хуралдаанд хүрэлцэн ирсэн байх гэдэг дээр тоо тогтоож өгөх ёстой. Өнөөдөр 73-лаа байна. Маргааш ихэнх нь ирэхгүй бол яаж хуралдах юм. Энэ мэт асуудал байна. 

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Д.Эрдэнэбат гишүүний зарим асуултад хариулсан. Бид шууд зүтгүүлээд гаргахдаа биш нийгмийн харилцааг харж үзэх хэрэгтэй. Тэр бүхнийг зохицуулахын төлөө ажиллах ёстой гэдэгт санал нэг байна. Байнгын хороо, нам эвсэл хууль санаачилна гэдэг бол шууд Үндсэн хуультайгаа тулаад байна. Тиймээс санал хэлэх боломжгүй байна. Өвчин зовлон тусаад тусгаарлагдаж, хуралдаа хүрэлцэн ирэх боломжгүй болсон тохиолдолд гаднын туршлагыг гишүүдийн гарт хүргүүлсэн. Бид харьцуулсан судалгаанаас үзэхэд Үндсэн хуулийн ирцийг шаардах эсэхийг гаргасан байгаа юм. Гэхдээ энэ удаадаа оруулах шаардлага байхгүй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ: Цахимаар хуралдаж байгаа болохоор туршлага дутаж байна. Энэ бүхнийгээ гишүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Нэгэнт цар тахал гарсан тохиолдолд цахим хуралдаан хийх нь хуулийн агуулга. Хуулийн төслийг харахаар Ажлын хэсэг дээрээ харна биз. Ихэвчлэн техникийн талаасаа заалт орсон харагдана. Би Д.Эрдэнэбат гишүүнтэй санал нэг байна. Энгийн үед хуралддаг горимын зүйл л орчихсон харагдсан байна. Ядаж л гишүүдийн хэлэх үгийг бага байлгах, зарим давхардсан санааг арилгах зэрэг асуудал дутагдалтай харагдаж байна. Гишүүд ч гэсэн онцгой нөхцөлд ямар үг, ямар зүйл хэлэх ёстой гэдэгтээ хариуцлагатай хандах ёстой. Тэр хариуцлагыг нь хүлээлгэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр л гэхэд чуулганы хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Энэ мэт зүйлийг Ажлын хэсэг дээрээ сайн ярилцаач ээ. Энэ бол онцгой нөхцөл шүү дээ. Засгийн газраас орж ирж байгаа онцгой нөхцөлийн үед шуурхайлан хэлэлцээд явах нь зөв. 

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР: Энэ цахим хуралдаан бол анх удаа. Олон хүндрэл гарч магадгүй. Энд аюулгүй байдал зэргийг нь анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа хаалттай хуралдааныг хэрхэн зохион байгуулах юм. Нууцлалыг хэрхэн хангах юм. Төрийн ордон карентид орвол яах юм. Онц байдал цахим хуралдаан болж байгаа үед үг хэлэх, санал хэлэх хугацаа нь энгийнээр явах эсэхээ тодорхой болгох хэрэгтэй. Нарийн зүйлийг хэдэн талаас нь ярьж тусгахыг хүсэж байна. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Хуулийн төслийг дэмжиж байна. Онцгой нөхцөлд хуралдаж байгаа бол цагаа барих хэрэгтэй. Өнөөдөр 30 минут хоцорлоо. Ингэж болохгүй шүү дээ. Хариуцлагатай байж, яг цагаараа асуудалд хандах хэрэгтэй байна. Хуульд цаг барихгүй, ирэхгүй байгаа гишүүдтэй ямар хариуцлага тооцох юм. Тухайн өдрийнх нь хурлаас хасдаг, үг хэлэх эрхийг нь хаадаг ч юм уу тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Гол нь ирц, цагаа барих шаардлагатай байна. УИХ-ын Дэгийн хуульд өөрчлөлт орж байгаа үүнийг онцгой анхаарч, хуульчилж өгөхийг хүсэж байна. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Хурал, цуглааныг тасалсан гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлаж, хариуцлага тооцох эрх мэдлийг УИХ-ын Ёс зүйн хорооны даргад өгч байна. 

УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА: Коронавирустэй холбоотой дэлхий нийт том сорилтод орж байна. Онцгой нөхцөл байдалд эдийн засгийн стратегийн асуудлыг шаардаж байна. Ямар бүтцийг ажиллуулж, шуурхай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Цахим туршилтыг хийж байна л даа. Тиймээс хамгаалалт, санхүү хөрөнгөтэй холбоотой асуудал, нууцлалыг яаж хангах вэ гэдэг нь чухал. Техникийн шийдлийг маш тодорхой шийдэх нь зүйтэй. Үүнээс болж хуралдаанаа явуулж чадахгүй байх нөхцөл үүсэх вий гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Засгийн газраас коронавирустэй холбоотой хуулийг гаргах хэрэгтэй. Хүний эрхийн тодорхой хязгаарлалтыг ч гэсэн хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй. Онцгой нөхцөл байдлын үед цаг барих нь зөв. Харин гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж болохгүй, байж болохгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top