Засгийн газраас гаргасан ДОЛООН шийдвэрийг хэлэлцэж эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

УИХ-ын өнөөдрийн /2020.04.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 


УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ: Орлого байхгүй бол нийгмийн даатгалын шимтгэл гэж байхгүй. Иргэд орлого байхгүй болж байна. Аж ахуйн нэгж хаалгаа барих талдаа орлоо. Энэ үед Засгийн газар хариуцлагагүй хандаж болохгүй. Одоо Гашуунсухайт, Тавантолгойд онцгой байдал тогтоох цаг нь болсон. Бид энэ орлогоо л хамгаалж чадахгүй, урд хөрштэйгээ сайн ярилцахгүй бол эдийн засаг цаг тутамд хүндэрнэ.  Тэр 300 тэрбум төгрөгийн хөрөнгийг хаанаас босгох вэ. Тариаланч, малчдад өгөх мөнгөө хаанаас гаргах гээд байгаа юм. Хэрэв Хөгжлийн банк зээл олгох аваас хууль зөрчинө шүү. Хууль зөрчиж болохгүй. Ингэх юм бол Төсвийн хуулийг өөрчлөх шаардлага үүсэж байгаа юм биш үү. 

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр бүрэн хариултыг өгсөн. Ноолуурын хувьд Засгийн газрын зүгээс 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжинэ. Харин улсын төсвөөс Хөгжлийн банкны олгох хүүгийн зөрүү нь есөн хувь. Нийт 27 тэрбум төгрөгийг суутгасан. Долоон арга хэмжээний хувьд боловсруулахдаа гаднын арга хэмжээтэй харьцуулсан. Бас эдийн засгаа тооцсон. Хүүхдийн мөнгө бүх хүүхдэд очно. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 187 мянган хүнийг шимтгэлийг тэглэж байгаа юм. Энэ бол их чухал зүйл. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН: Энэ жилийн ноолуурын бэлтгэлд зориулж 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн. Одоо арилжааны банкуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчийн данс руу шилжүүлнэ. Тэд малчдын данс руу шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Хүн амын хүнсний нөөцийг нэмэх зорилгоор хаврын тариалалтыг Засгийн газраас шийдвэрлэхээр хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Ноолуурын үнийг Засгийн газар тогтоохгүй. Судалж байгаа гэж Ч.Улаан сайд хэллээ. 

УИХ-ын гишүүн Я.САНЖМЯТАВ: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг эдийн засгийн хүндрэлээрээ л шийдэж байгаа байх. Энэ бол улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа болохоор АН-аас барьсан саналыг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай байна. 

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: Засгийн газар арга хэмжээгээ нэгдүгээр сарын 21-нээс өмнө л хэрэгжүүлээд явж байна. Учир нь, УИХ чуулган завсарлачихсан байсан. Засгийн газар татварыг хөнгөлж, чөлөөлөх эрхгүй. Тиймээс сая өргөн барьсан хуулийн төслүүдэд бүх арга хэмжээгээ 6-9 сарын хугацаатай арга хэмжээ байгаа юм. Засгийн газар цар тахлыг жил үргэлжилнэ гэж үзэж байна. Тиймээс үйл ажиллагаагаа явуулж байна. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР: Дэлхийн парламентууд Засгийн газрын эрх мэдлийг нэмж, өгч байна. Энэ хүрээнд л асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж тооцсон. Тэгэхгүй бол Улсын Онцгой комиссын эрх хязгаарлагдмал шүү дээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН: Монгол Улсын Засгийн газар малчдын орлогын түвшинг бууруулахгүй байх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон. Энэ зээл гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай олгоно. Хөгжлийн банк, Сангийн яам гэрээ байгуулж, ажил эхэлж байна. Банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчдэд зээл олгоно. Ойрын үед зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх тооцоо, үндэслэл хийгдсэн. Ноолуурын чанараас шалтгаалж үнэ янз бүр байна. Гэхдээ дэлхийн чиг хандлагын үнэ ханшийг харгалзан тогтоосон үнэ юм. 

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН: Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьж байна. Иргэдээ татаж авах хүсэл байвч, боломж бага байна. Судалж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.183.215) 2020 оны 04 сарын 07

Бэлэнчлэх сэтгэлгээг бүү

0  |  0
Top