ЧУУЛГАН: Засгийн газар ноолуурын үнийг тогтоохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

Дэлхийн нийтийг хамраад байгаа цар тахлын үед эдийн засгийн хямралыг тооцож Засгийн газраас долоон арга хэмжээг авахаар болсон билээ. Үүний нэг нь малчдыг дэмжих, тэднээс ноолуур худалдаж авах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн явдал. Ингэхдээ нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг гаргасан байдаг. Тэгвэл зах зээлд ноолуурын үнэ нэг кг нь 40-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ асуудал ч өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хөндөгдлөө.

Тухайлбал, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ "Орлого байхгүй бол нийгмийн даатгалын шимтгэл гэж байхгүй. Иргэд орлого байхгүй болж байна. Аж ахуйн нэгж хаалгаа барих талдаа орлоо. Энэ үед Засгийн газар хариуцлагагүй хандаж болохгүй. Одоо Гашуунсухайт, Тавантолгойд онцгой байдал тогтоох цаг нь болсон. Бид энэ орлогоо л хамгаалж чадахгүй, урд хөрштэйгээ сайн ярилцахгүй бол эдийн засаг цаг тутамд хүндэрнэ.  Тэр 300 тэрбум төгрөгийн хөрөнгийг хаанаас босгох вэ. Тариаланч, малчдад өгөх мөнгөө хаанаас гаргах гээд байгаа юм. Хэрэв Хөгжлийн банк зээл олгох аваас хууль зөрчинө шүү. Хууль зөрчиж болохгүй. Ингэх юм бол Төсвийн хуулийг өөрчлөх шаардлага үүсэж байгаа юм биш үү" хэмээн асуулаа.

Харин Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР "Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр бүрэн хариултыг өгсөн. Ноолуурын хувьд Засгийн газрын зүгээс 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжинэ. Харин улсын төсвөөс Хөгжлийн банкны олгох хүүгийн зөрүү нь есөн хувь. Нийт 27 тэрбум төгрөгийг суутгасан. Долоон арга хэмжээний хувьд боловсруулахдаа гаднын арга хэмжээтэй харьцуулсан. Бас эдийн засгаа тооцсон. Хүүхдийн мөнгө бүх хүүхдэд очно. Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 187 мянган хүнийг шимтгэлийг тэглэж байгаа юм. Энэ бол их чухал зүйл" гэж тайлбарласан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН "Энэ жилийн ноолуурын бэлтгэлд зориулж 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн. Одоо арилжааны банкуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчийн данс руу шилжүүлнэ. Тэд малчдын данс руу шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Хүн амын хүнсний нөөцийг нэмэх зорилгоор хаврын тариалалтыг Засгийн газраас шийдвэрлэхээр хэлэлцэж байна" гэсэн хариултыг өгсөн юм. 

Тэгвэл дээрх хоёр тайлбар дээр нэмж УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР  "Ноолуурын үнийг Засгийн газар тогтоохгүй. Судалж байгаа гэж Ч.Улаан сайд хэллээ" гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад хандаж хэлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН: Монгол Улсын Засгийн газар малчдын орлогын түвшинг бууруулахгүй байх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон. Энэ зээл гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай олгоно. Хөгжлийн банк, Сангийн яам гэрээ байгуулж, ажил эхэлж байна. Банкны шаардлага хангасан бэлтгэн нийлүүлэгчдэд зээл олгоно. Ойрын үед зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх тооцоо, үндэслэл хийгдсэн. Ноолуурын чанараас шалтгаалж үнэ янз бүр байна. Гэхдээ дэлхийн чиг хандлагын үнэ ханшийг харгалзан тогтоосон үнэ юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top