Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.04.07/ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төлсийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалт нийгэм, эрүүл мэндийн байдалд нөлөөлж, эдийн засгийн хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, тариалан эрхлэгчдийг эдийн засгийн бодлого зохицуулалтаар дэмжих, гурилын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, зах зээлд гурилын хангамж, үнийг тогтворжуулах мөн хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 15.0 мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр ургамлын тосыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

/Төсвийн байнгын хорооны хуралдааны мэдээллийг эндээс үзнэ үү/

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top