ЭМЯ 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая сэрэмжлүүлэг мессеж илгээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.04.10) харилцаа холбооны салбарын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “ЖиМобайл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Дашням, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, "Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэлгэрсайхан, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн захирал Ч.Золбаяр, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа, албаны бусад хүмүүс байлцлаа.  

Харилцаа холбооны салбарын төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд нарыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээг харилцаа холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд бүхий л талаараа дэмжин ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, www.econtent.edu.mn цахим сайтад байрласан теле хичээлийг гар утаснаас болон өрхийн интернетээр үзэх, IPTV видео сангаас теле хичээлийг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн. Хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 30 сая гаруй хэрэглэгч үзсэн байна. Мөн 11 их, дээд сургуулийн цахим хичээл явуулж байгаа порталуудыг үнэ төлбөргүй болгосны зэрэгцээ оюутнуудад сургуулийнхаа цахим сайт руу хэрэглээ болон хурдны хязгааргүй дата ашиглан хандах бололцоог бүрдүүлжээ.

Боловсролын чиглэлээр хийсэн дээрх ажлуудаас гадна хэрэглэгчдийн дата үйлчилгээний багтаамжийг нэмэгдүүлэх, цахим сувгаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд дата багц бэлэглэх, өрхийн интернетийн суурь хураамжийг хөнгөлөх гэх зэргээр хөнгөлөлт, чөлөөлөлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаараа танилцуулсан юм. IPTV видео сангаас дэлхийн шилдэг кинонуудыг тодорхой хугацаанд үнэгүй үзэх боломжийг бүрдүүлсэн нь нийтдээ 2 сая 534 мянган хандалттай байгаа аж. Зарим орны олон улсын ярианы тарифыг хямдруулж, цахим төлбөр тооцооны данс хооронд шимтгэлгүй болгоод байгаа гэв. Түүнчлэн улс орны хэмжээнд шилэн кабелийн үндсэн сүлжээ, үүрэн холбооны сүлжээний бэлэн байдлын бүрэн хангаж ажиллаж байгаагаа танилцуулсан.

Үүний сацуу салбарын албан хаагчдад ариутгал, хамгаалалтын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажлын цагийг богиносгох, ажилтнуудынхаа 40-60 хувьд гэрээсээ ажиллах боломж олгох, ажлын байран дахь хүмүүсийн төвлөрлийг бууруулах зорилгоор ажлын байрны дахин төлөвлөлт хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэл орон тоо цомхотгох, ажлын байр цөөлөх арга хэмжээ аваагүй гэлээ.

Үргэлжлүүлэн тус салбарын зүгээс авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Тодруулбал, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгож, үнэ төлбөргүй хандах боломжийг бүрдүүлэх, коронавирус (COVID-19)-ийн халдварын талаарх мэдээллийг хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн аппликэйшн хөгжүүлэх талаарх саналуудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүссэн нөхцөл байдлын харилцаа холбооны салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар мөн товч танилцуулсан. Ярианы үйлчилгээний ачаалал буурснаар орлого буурч байгаа бөгөөд цаашид буурах хандлагатай байгаа гэв. Түүнчлэн дата хэрэглээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, үнийн өөрчлөлтгүйгээр багтаамж, хурдыг нь нэмэгдүүлж байгаагийн улмаас ачаалал огцом нэмэгдсэн нь сүлжээний хэт ачаалал үүсгэн, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгээд байгаа аж.

Иймд тус салбарын зүгээс төрийн өмчийн оролцоотой, харилцаа холбооны зарим компанийг нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулах, эсвэл хойшлуулах, олон улсын шуудан солилцооны үйлчилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангах, тус салбарын тоног төхөөрөмжийг онцгой, түргэвчилсэн нөхцөлөөр нэвтрүүлэх гэх зэрэг асуудлаар дэмжлэг хүсч буйгаа танилцуулсан юм.

Коронавирус (COVID-19)-ийн халдвар тархсан нь дэлхий дахинаа шинэ нөхцөл байдал үүсгэж байгаа ч харилцаа, холбооны салбарын хувьд хямралыг боломж болгох гарц байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Олон жил яригдаж ирсэн дижитал шилжилтийг хийх үүргийг харилцаа, холбооны салбарын удирдлагуудад чиглэл болгосон гэдгээ дурдлаа.

Улсын Их Хурал богино хугацаанд шуурхай ажиллаж, цар тахлын үеэр иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний талаарх хууль, тогтоолыг баталсан бөгөөд холбогдох бодлого, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг боловсруулан ажиллаж байгаа талаар уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлсэн. Салбарын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх танилцуулгад дурдагдсан төрөөс хүсч буй дэмжлэгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бусад улс оронд авч хэрэгжүүлж байгаачлан харилцаа холбооны компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хорио цээрийн дэглэмийн үед ярианы үнэ тарифаа бууруулах боломжийг судлахыг хүсэв. Шуудан-хүргэлтийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, төрөл бүрийн цахим үйлчилгээ, аппликейшнуудыг хөгжүүлэн замаар эдийн засгийн идэвхжлийг дэмжих боломж байгааг тэрбээр онцлоод, энэ чиглэлд  техник технологийн хувьд манлайлан ажиллахыг уриалсан. Түүнчлэн хорио цээрийн дэглэм тогтоосон үед шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, боловсролын чиглэлийн контентуудыг IPTV-үүдээрээ үнэ төлбөргүй, хүртээмжтэйгээр түгээх гэх зэргээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө ажиллахыг хүслээ.  

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, хорио цээрийн дэглэм эхлэх үеэс санаачилгатайгаар дэмжин ажиллаж байгаа харилцаа холбооны салбарын хамт олонд талархал илэрхийллээ. Боловсролын салбар одоогийн байдлаар 1 улирлын хичээлийг теле хувилбарт амжилттай шилжүүлээд байгаа бол 06 дугаар сарын 01-ний өдөр хичээлийн бүтэн жилийн хөтөлбөрийг теле хувилбарт шилжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс суралцах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Энэ жил 28.5 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд эдгээр сурагчийг шалгалтад бэлтгэх асуудлаар холбогдох талууд судалгаа хийж байгааг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Иймд төгсөх ангийн нийт сурагчийг цахимаар суралцах, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэх бололцоог дэмжин ажиллахыг уулзалтад оролцож буй үүрэн холбооны оператор компаниудын төлөөллөөс хүсэв.

Харилцаа холбооны салбарынхан 270 сая төгрөгийн мөнгөн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмж хандивласан, зарим эмнэлэгт утасгүй интернэтийн сүлжээг үнэ төлбөргүй бий болгосонд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлсэн.

Тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг бэлэглэсэн байна.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлэг мессэжийг иргэдэд тогтмол түгээн, одоогийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн 184.4 сая мессеж илгээгээд байгаа аж.

Нэг зэрэг 20 дуудлага хүлээн авах хүчин чадал бүхий Үндэсний эрүүл мэндийн мэдээлэл өгөх төвийн 119 тусгай дугаарын холболтыг үнэ төлбөргүй суурилуулж, богино хугацаанд ашиглалтад оруулан, найдвартай ажиллагаа, техникийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа гэв.

Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад үнэ төлбөргүй нэгж, дата олгож байгаа нь шуурхай үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг болж байгаа гэлээ. Ийнхүү цар тахлын үед нэгдсэн зохион байгуулалтад орж шуурхай, санаачилгатай, идэвхтэйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан харилцаа холбооны салбарын хамт олонд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чин сэтгэлийн талархал илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн бүх төрлийн үйлчилгээг цахим хувилбарт шилжүүлэх, санхүү, эдийн засгийн харилцааг цахим хувилбараар хөгжүүлэх шаардлага тулгараад буйг харилцаа холбооны салбарынханы анхаарч санаачилгатай, шуурхай ажилласнаар хямралыг боломж болгох давуу тал бий гэдгийг хэлж байв.

Дижитал шилжилттэй холбоотой эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг Улсын Их Хурал тухай бүр шуурхай шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Дайны үед эмч нар хэрхэн ажилах нэмэлт оруул

0  |  0
Zochin(64.119.23.203) 2020 оны 04 сарын 11

Амьд үхдэлийн тахлаас сэргийл гэсэн мессеж илгээвэл яах бол

0  |  0
м(202.179.31.60) 2020 оны 04 сарын 11

Ижил утгатай мэссэж танихгүй хүнд өдөр бүр өдөрт олноор илгээхээ болиоч. Устгах гэж ажил тарьж байна. Эхлээд нэг л бичихэд болно. Хэзээ бусад улсад дураараа танихгүй газар байгууллага мэссэж бичиж байсан. Мэссэж унших дургүй хүн та нарын хэрэггүй мэссэж биз гэж бодоод чухал мэссэж өнгөрөөчихвөл яах вэ? Мэссэжэнд дургүй хүмүүс байдаг. Зөвхөн чухал юманд л ашигладаг. Наад мөнгөө С буцааж төлөөд буугаарай !

0  |  0
Отгоо. (103.212.119.153) 2020 оны 04 сарын 11

Өө тэрний оронд маск тараачихгүй дээ. Өглөө болгон л ЭМЯ мэдээ сонсоод тэр мсж тоож хардаггүйшдээ. Ард түмэн туйлдаж байна шүү

1  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 10

Маш худлаа тоо байна. 3.7 тэрбум ₮ г хувьдаа ашиглах гэсэн мессаж юм биш үү?

0  |  0
Г(192.82.77.155) 2020 оны 04 сарын 11

Ингэж их мөнгөөр мессеж бичих нь буруу. Олон дахин мессеж ирэхээр залхаад уншихаа болсон Харин мөнгө үүний оронд оношлуур эм тариа авсан нь дээр

1  |  0
Зочин(202.179.25.66) 2020 оны 04 сарын 10

Шуналтай мобисом ийм үед мессэжийн төлбөр авахгүй байх хэрэгтэй ш тээ

0  |  0
ЭМЯ(202.9.46.67) 2020 оны 04 сарын 11

Аймаар цавчаа хийсэн байна. Юу вэ бараг дөрвөн тэрбумаар мессеж.

1  |  0
Top