Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов

Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ..." гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна..." гэж тус тус заасан.

Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол баталж, хууль тогтоомжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуваарийг хавсралтаар баталсан. Уг хавсралтад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг үүрэг болгосны дагуу Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн болно.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Түүнчлэн Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцрэх ач холбогдолтой.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах нөхцөл бүрдэнэ. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Цэрэнбат, Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Н.Амарзаяа нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан баримт бичигт нийцсэн эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтээ хүргүүлэхээр төсөлд тусгасан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо хангахад чиглэгдсэн, харилцан уялдаа бүхий урт хугацааны; дунд хугацааны; богино хугацааны гэсэн төрөлтэй байх юм.

Урт хугацааны буюу 11-30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь дунд болон богино хугацааны бодпогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөхөөр төсөлд тусгаж өгсөн. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.

Дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүулэхэд чиглэсэн, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан Хөгжлийн тодорхой зорилтот хөтөлбөр байх юм.  Дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо нь улсын түвшинд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжээс бүрдэхээр зохицуулж өгсөн. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг улсын түвшинд Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын түвшинд тухайн салбарын сайд, тухайн салбарын төрийн захиргааны байгууллагын дарга, орон нутгийн түвшинд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар удирдана. Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэн нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллахаар төсөлд суулгаж өгсөн гэдгийг тодотгов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа хэлэлцүүлгийн шатанд төр-хувийн хэвшил-их дээд сургуулийн гурвалсан түншлэлээр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг төлөвлөж тооцох, үнэлж дүгнэх, хяналт шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах, энэ талаар системтэй нэгдмэл ойлголт, нэгдсэн зохицуулалт чухал учраас бодлогын олон баримт бичгүүдийг нэг мөр болгон цэгцлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх талаарх Улсын Их Хурлын тогтоолд заасны дагуу тус Байнгын хороогоор эхний хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлж байгааг онцлоод хэлэлцүүлгийн дараа дараагийн шатанд бусад Байнгын хороодын төлөөллийг оролцуулах саналтай байгаагаа хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд хөгжлийн бодлогын хэрэгжилтэд улс төрийн намуудын оролцоо чухал учраас хөгжлийн бодлого, төлөвлөлтөд улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай намуудын санал, бодлогыг авч тусгах нь зүйтэй, түүнчлэн хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад өндөр босго тогтоож өгөх шаардлагатай байгааг санал болгов.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.   

Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалтыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр явуулна

Байнгын хорооны хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг батлуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжив.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top