ЧУУЛГАН: Хүнсний ногооны импортын татварыг 30 хувь болгох төслийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

УИХ-ын өнөөдрийн /2020.04.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд энэ сарын 7-ны өдөр А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 20 гишүүний өргөн барьсан  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА: Энэ их чухал асуудал. Гэхдээ төмс, байцаа, сонгино, шар манжин гэж оруулсан байна. Төмс бол гаагүй шүү дээ. Заавал төмс гэж оруулж ирэх хэрэг байна уу. Тухайлбал, манай улс энэ жил сонгино 1000 га талбайд тариална. Үр байхгүй. 600 тонн үр шаардлагатай байх жишээний. Дээр нь, хүлэмжийн нарийн ногоо их чухал болчоод байна. Нарийн ногооны үрийн татварыг чөлөөлөх боломж бий юу. Техник, тоног төхөөрөмж нь гарцаагүй шаардлагатай болж байна. Үр тогтсон өндөг оруулж ирэх хэрэгтэй байна. Эх сүргийн дэгдээхэй зэргийг гаалийн албан татварын чөлөөлөөд өгчихвөл өндгөөр өөрсдийгөө хангах боломжтой болно. Энэ мэт зүйлийг энэхүү хуульд оруулж болох уу. 

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН: Энэ хуулийн зорилго бол дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах юм. Ялангуяа Монголд тарьж, ургуулдаг ногооны импортын татварыг 30 хувьд хүргэх зорилготой. Одоогоор хүнсний ногооны бүх төрлийн үрийн импортын татварыг тэг байхаар тусгасан. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл төмсний дутагдалд орно. Ердөө л 40 хувийн хангалттай байгаа гэж ойлгож болно. 

УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА: Миний нэг асуултад л хариуллаа. Тоног, төхөөрөмж, үр тогтсон өндөгний асуудлыг ярьсан. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Төмсний сайн чанарын үр дотооддоо хийгдэж байгаа. Гэхдээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Одоо бол тал хувийг нь л үйлдвэрлэж байна. Тиймээс тодорхой хугацаанд төмсний булцуу оруулж ирэх шаардлага бий. Иймээс төмсний үрийг тусгасан юм. Сонгино, сармисний үрийг заавал импортоор оруулж ирэхээр өөр аргагүй. Хүлэмжийн нарийн ногооны асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Өнөөдөр Монгол Улсад 9000 га талбайд нарийн ногоо тарьдаг. Энэ бол зөвхөн хэрэглээний гуравны нэг нь юм. Эрчимжсэн аж ахуйн тоног төхөөрөмжийг судлах хэрэгцээ бий. Цаашид нарийн судлах хэрэгтэй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.ЖАВХЛАН: Ченж нар байна. Хүний хөдөлмөр шулдаг. Энэ хүмүүсийг хяналт тавьж зогсоогооч ээ. Тэгэхгүй бол хүн хэчнээн ногоо тариад үр шимээ хүртэж чадахгүй байна. Бор зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа зарим аж ахуйн нэгжид нэг ч дэмжлэг байдаггүй. Үүнээс болж хаалгаа барьж байгаа хүртэл асуудал байна. Уг нь, тэр хүмүүсээ дэмжээд явах хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ: Дэмжихгүй бол болохгүй хууль. Төмс, хүнсний ногооны 40 хувийг нь Сэлэнгэ аймаг хангадаг. Өнгөрсөн онтой харьцуулахад тариалалтын талбай, авсан ургац ч буурсан байна. Ногоо тарих нь нүсэр хөдөлмөр. Тэгэхээр бодит дэмжлэгийг л үзүүлэх ёстой. Бидний өөрсдийн тариалж чадаж байгаа ногоог өндөр татвартай гаднаас оруулж ирэх шаардлага байхгүй. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд онцгой анхаарахгүй бол болохгүй болчоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.65.129) 2020 оны 04 сарын 16

Ярианы хэллэгээр бичдэг болжээ энэ сайтууд. Гаагүй байгаа, болчоод байгаа гэх мэт. Бас ”хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ” гэнээ. Монгол бичгийн хэл ч хэцүү болж байна шүү.

0  |  0
Top