“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд нэгдсэн чуулганы цахим хуралдаанд “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас цахимаар оролцож байгаа юм.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Улсын хэмжээнд 2019 онд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 94.6 мянган тонн ургац хураан авч хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна.
Одоо байгаа техникийн хүчин чадлыг нийт ажлын хэмжээнд тооцож үзэхэд хүнсний ногооны механикжуулалтын дундаж төвшин 40.0 хувьтай байна. Хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гараар гүйцэтгэж, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх тал дээр бусад улсуудаас харьцангуй хоцрогджээ.
Жил бүр хүнсний ногооны нийт талбайн 50 хувь буюу 4.0 мянган га талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Мөн хөрсийг бордох нөхөн сэргээх, талбайн хог ургамал хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээг цаг тухайд нь хийж чадахгүй байгаагаас жил ирэх тутам ургацын хэмжээ буурч, хүнсний ногооны чанар муудаж байгаа аж.
Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан орхих болсон бөгөөд тухайлбал, Сэлэнгэ аймагт 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл гарсан байна.
Тиймээс хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, сармис, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгож, чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тогтоолын төслийг боловсруулжээ.
Импортын татварыг нэмэгдүүлж, төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалснаар гучаад жилийн өмнөх шиг дотоодын хэрэгцээг чанартай хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй юм байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Улаан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үрийн хангамжийн нөөц хүрэлцээгүй байгаа тул үрээр хангах асуудлыг төр бодлогоор дэмжихтэй холбоотойгоор гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмын дагуу хүнс экспортлогч орон болоход гэрээ, хэлэлцээрийг хөрш хоёр улстай үргэлжлүүлэх зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм. Тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, А.Сүхбат, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол нар асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүд хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар тодруулан, тариалсан ногоог хадгалах агуулахын асуудлыг хөндөж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны хариулснаар, Засгийн газраас хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж, энэ жил тариалалтыг 1000 га-гаар нэмэгдүүлэхээр аймаг, орон нутагтай хамтран ажиллаж эхэлжээ. Хүнсний ногоо тариалах иргэдэд газар олгох, дэмжихээс гадна сургалт зохион байгуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ. Айл өрх, албан байгууллага бүр боломжоо ашиглан хүнсээ бэлтгэхэд санаачилгатай ажиллахыг уриалж байгаа бөгөөд дотоодод үйлдвэрлэсэн үрийг худалдан авч, ногоочдод өгөх ажлыг зохион байгуулж эхэлжээ. Ингэсэн ч үр дутагдах учир үрийн гаалийн албан татварын хувь хэмжээг тэглэх асуудлыг хэлэлцүүлж байгааг сайд тодотгосон.
Хүнсний ногооны тариалалтыг бололцоотой хэмжээнд хүргэхийн тулд нөөцөө дайчлах бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон механикжсан агуулахууд баригдаж байгааг сайд уламжилсан. Агуулахын аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Унгар Улстай хамтран ажиллаж, агуулахыг бүсчлэн байгуулахаар ярилцаж буй аж. Ногоочдоос гадна жимсчдэд дэмжлэг үзүүлэхээр онцгой анхаарч байгааг сайд мөн онцолсон.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид нарийн ногооны хэрэгцээний гуравны нэгийг хангаж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар 9 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд цаашдаа 20 га-д хүргэхээр төсөл боловсруулан, нийслэлийг тойрсон 6 байршилд хүлэмжийн газрын асуудлыг тодорхой болгосноос гадна хөнгөлөлттэй зээлд хамруулж, үрээр хангахад бололцооны хэрээр дэмжлэг үзүүлнэ хэмээн сайд хэллээ. Түүнчлэн усалгааг бий болгох, бордоогоор хангахад дэмжлэг үзүүлж, тариаланчид, ногоочид, жимсчдээ аль алийг нь дэмжинэ хэмээсэн. Жимсний хэрэгцээний 10 хувийг дотоодоос хангахаар тооцоолж буй бөгөөд үүний тулд жимсний үр, суулгацаар хангах асуудлыг шийдвэрлэнэ гэж хэллээ. Ногоочид, жимсчдэд 150 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг мөн онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Жавхлан, Н.Оюундарь нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Дараа нь “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийсэн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувийн саналаар тогтоолыг баталлаа.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг төрийн бодлогын баримт бичигтэй эрүүл мэндийн салбарын бодлогыг уялдуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, их сургуулийн эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг шинээр бий болгох, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг томилох асуудлыг хуулийн давхардалгүй болгох зэрэг асуудлыг тусгасан байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төсөвт үзүүлэх нэмэлт ачаалал бага гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд одоо байгаа зардлын хязгаарт багтаан үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулахаар тусгажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт хавдрын өвчлөлд улсаас ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа талаар, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан эмчлэх нөхцөл манай улсад бүрдсэн эсэх, эрүүл мэндийн даатгалаас иргэн жилд 2 сая төгрөгөөс дээш өртөгтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар бол гэр бүлийн гишүүнээсээ шилжүүлэн авдаг зохицуулалт хэрэгжиж буй эсэх, УИХ-ын гишүүн Б.Ундармаа урт хугацааны тусламж, үйлчилгээний тухай болон харьяалал харгалзахгүй үйлчлэх анхан шатны тусламж, үйлчилгээ хэзээнээс хэрэгжиж эхлэх тухай асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.
УИХ-ын гишүүн гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг хэлэлцэх явцад тус яамны зүгээс холбогдох заалтын хүрээнд санал гаргаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төсөлд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тодорхойлсон нь иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оновчтой шийдвэр болох тухай, мөн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй уялдуулахаар зохицуулж байгааг дэмжиж байгаа талаар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү архи, тамхи, мансууруулах бодист донтох өвчнийг болон хөнгөвчлөх үйлчилгээний талаарх эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгах нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энхсайхан Ганцаараа Биш[109.70.100.19]1 цаг 2 минутын өмнө\nЭнхсайхан, Да.Ганболд, Баабар, Батүүл, Баярцогт, Гончигдорж, Сугар, Бадамжунай нар урвагчид. Эдний эзэд нь Багабанди, Очирбат, Элбэгдорж, М
Тосны ургамал шар,хар адилхан хөрсийг дуусгадаг даа. Нэг удаа тариад олон зуун га талбайг хаядгийг яагаад ойлгохгүй байна. Шар лууван биш улаан лууванг оруулмаар юм.