Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 хүний өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  


УИХ-ын гишүүн О.БАТНАСАН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна гэж заасан. Хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахлын үед маш сайн ажиллаж байна. Анхаарал Монгол Улс руу хандаж байна. Энэ үед хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа аялал жуулчлал. Үүнийг хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах ёстой. Хуулийн төсөлд ч тусгасан байх гэж бодож байна. Аялал жуулчлалд агаарын тээвэр хамгийн чухал. Мал аж ахуйн салбараа ашиглаж байж Монгол Улс хөгжинө. Үүнд хуулийн төсөлд тусгасан зүйл бий юу.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Монгол Улс 1945 оноос бодлогын асуудлаа таван жилээр төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Харин 1992 оноос хойш хөгжлийн бодлого орхигдож ирсэн. Энэ хууль байхгүйгээс бодлого маань өөрчлөгддөг, солигддог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бодлоггүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн. Аялал жуулчлал, мал аж ахуйн талаар бодлогын бичиг баримтад тусгасан. Ирэх 30 жилийн хугацаанд улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал тусгагдсан. Байнгын хороогоор нарийвчилж хэлэлцэнэ. Тэр үед та байр сууриа илэрхийлж, санал гаргаж болно.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР: Монгол Улсал 30 жилийн хугацаанд ололт, амжилт байна. Хаягдсан зүйл нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал байна. Бүтцийн өөрчлөлт хийх бодлогын хууль оруулж ирж байгаа юм. Бид 2020 онд нэг сая жуулчин авах ёстой байсан. Хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь нь их байсан бол өнөөдөр 10 хувь ч хүрэхгүй байна. Уул уурхайн салбар л хөгжиж байна. Уул уурхайн салбар хэт хөгжихөөрөө бусад салбараа дампууруулдаг. 

УИХ-ын гишүүн Ц.ЦОГЗОЛМАА: Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал зайлшүй чухал. Тухайн хуулийн төслийг боловсруулахдаа удахгүй хэрэгжиж эхлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримталтай нийцэж явах ёстой. Дэлхийн 200 гаруй орны төр засгийн байгууллага уялдуулж яваа томоохон бичиг, баримт бий. Энэ бичиг баримттай хэр уялдуулж боловсруулсан бэ. Санхүүгийн ямар тооцоо, судалгаа хийв. 

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ: Хугацааны хувьд уялдах ёстой. Үүнийг хуульчилж өгсөн. Хэрэв уялдахгүй бол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцно. 

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Бүх бодлогын баримт бичгийн нэгтгэж, хяналт тавьдаг байгууллагатай болох алхамд шилжиж байна. Бодлогын бичиг баримттай болохоос гадна тайлангаа сайн хийдэг болох л хэрэгтэй байгаа юм. Одоо энэ хуульд энэ зүйлийг л нарийн тусгаж өгөх хэрэгтэй байна. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө оруулж, танилцуулсан. Манай намын мөрийн хөтөлбөр ч гэсэн бодлогын том баримт, хэрэгжих хөтөлбөрүүд тусгагдсан. Түүнийгээ эргээд сонгогчдод тайлагнах, тэр аргачлалаа хялбаршуулах ёстой юм. Хийсвэр тайлагнал байж болохгүй. Илүү үр дүнтэй, тодорхой байх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: Улс орны хөгжлийг урт хугацаатай харж байдаг бодлогыг аваад явах ёстой. Энэ бол түлхүүр болсон гол хууль юм. Байнгын хорооны хуралдаанаар илүү төгөлдөршиж явах шаардлагатай. Одоо бол зарим яам толгойлж байгаа сайдаасаа хамаарч харилцан адилгүй үйл ажиллагаатай болсон байна. Эхний дөрвөн жилд яам, хүнээсээ шалтгаалж нэг салбараа илүү авч явах байдаг ч юм уу харилцан адилгүй болчоод байна. Тиймээс энэхүү хуулийнхаа дагуу бүх яамдыг тав, таван жилээр харсан том төлөвлөлтийн бий болгох, улсын хөгжил тогтвортой явах боломжийг гарган ирж байгаа юм. 

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Би дэмжихгүй байна. Төрийн 30 жилийн бодлого буруу байгаагүй. Харин хэрэгжүүлж байсан хүмүүс нь буруу байсан. Одоо хар л даа. Хэдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь шоронгийн хаалга татах гэж байна вэ. Ёс суртахуунгүй болсон, тэд ямар ч сайхан бодлого гаргасан өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ашигладаг. Одоогийн 30 жил бодлого ярьсан, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танай МАН юм. Хөгжлийн бодлого гээд байгаа зүйлийг 30 жилийн дараа бодлого буруу байсан гэж ярьж байгаа бол шившиг. Хэрэгжүүлэхдээ сайн хэрэгжүүлэхгүй яасан юм. Гурван Ерөнхий сайд нь АТГ, шүүхийн гадна зогсож байна шүү дээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top