Монголд анх удаа төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй хүнд МЭС АЖИЛБАР хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх удаа төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй хүнд титэм судсан дотуур тэлэгч стент суулгах эмчилгээ хийлээ.

Тус эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан дотуурх мэс засал эмчилгээний баг энэ сарын 15-нд төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай эмэгтэйд титэм судсан дотуурх мэс заслын аргаар баруун цавины артериар дамжиж баруун байрлалтай зүүн титмийн артерийг сэтгүүрдэж, архаг бөглөрөлт бүхий ховдол хоорондын уруудах салааны судсанд хоёр ширхэг эмтэй тэлэгч стентийг суулгаж, титмийн цусны урсгалыг нээж, зүрхний булчингийн цусан хангамжийг сэргээх эмчилгээг амжилттай хийн, амь насыг нь аварлаа.

Төрөлхийн баруун байрлалтай зүрх нь төрөлхийн ховор байрлалын нэг бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг. Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүн амаас ялгарах зүйлгүй байдаг байна.

Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуурх мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг юм.

Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top