БАЙНГЫН ХОРОО: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан 09 цаг 49 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцууд, хүлээсэн үүргийнхээ дагуу эдгээрийн хэрэгжилтийг нь тайлагнаж байгаа илтгэлүүд, илтгэлүүдийг олон улсын байгууллага дээр хэлэлцсэн байдал, гаргасан дүгнэлт, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, шийдвэрүүдийг нэгтгэх үүргийг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт өгөх шаардлага байна гэлээ. Монгол Улс олон гэрээ, конвенцид нэгдэн орсон байдаг бөгөөд энэ бүхний ард Монгол төр амлалт, үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Олон улсын гэрээ, конвенциуд дахь заалтуудаа дотоодын хууль, тогтоомждоо бүрэн тусгадаггүй, цаашдаа олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, шийдвэр нь дотоодын хууль тогтоомжийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Өнөөдрийн хэлэлцэж буй хуульд өөрчлөлт оруулж буй хуулийн төсөл нь ч Ромын дүрэм дэх зохицуулалтыг хангалттай тусгаагүй гэдэг шүүмжлэлийг хэлж байв.

Хууль зүйн байнгын хороо Ц.Мөнх-оргил гишүүний удаа дараа илэрхийлж буй уг саналыг хүлээн авч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, тэдгээрийн хэрэгжилт, тэдгээрийг үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгасан талаарх мэдээллийг Гадаад хэргийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас нэгтгэн авах, шалгах ажлыг зохион байгуулж, УИХ болон Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах асуудлыг судлах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ. Гишүүд ийнхүү төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбар авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй хоёр санал гаргаж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тодруулбал, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд төслийн 10 дугаар зүйл буюу Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Парламентад суудалтай улс төрийн намуудын баримтуудыг архивлах, 1990 оноос өмнөх Монгол Ардын Хувьсгалт Намын талаарх архивын баримтуудтай холбоотой санал гаргав. Ажлын хэсгээс эдгээр саналтай холбоотой тодруулга тайлбарыг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд архивын баримтууд нь эрх зүйн үр дагавартай байдаг учраас архивын байгууллагын орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаанд төвөөс нь анхаарал хандуулах, тэдгээрийн баримт бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг стандартад нийцүүлэх шаардлагатай гэдэг санал хэлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.5-д тус тус заасныг үндэслэн хууль хоорондын зөрчлийг арилгахаар боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар энэ үеэр төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцууллаа. Ажлын хэсэг төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан нөхцөл тогтоогдсон тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Ажлын хэсгийн танилцуулга, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцсон байна. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн дээрх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүнээс асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top