УИХ-ын өнөөдрийн /2020.04.23/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Коронавирусний төрөл нь амьсгалын замын эрхтнийг гэмтгээж, өмнө нь бүртгэгдэж байгаагүй халдвар юм. Дэлхий нийт цар тахал гэж зарлаад байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд гаднын орноос 35 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Төрөөс иргэд аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай журам, дотоод болон хил дээр ариутгал зэрэг асуудалд хуулийн зохицуулалт хангалтгүй байна. Энэ мэт шалтгаанаас үүдэж хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага урган гарч байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг холбогдох санал зэргийг харгалзан дөрвөн бүлэг 19 зүйл ангитай байх төслийг өргөн барьсан" хэмээн тодотголоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: Хуульд гадаадад байгаа иргэдээ татан авах нь Засгийн газар болон Улсын Онцгой комиссын бүрэн эрх гэж зааж өгсөн. Ер нь, цар тахлын үед төрийн болон аж ахуйн нэгж, иргэн, Засгийн газар нь юу хийх, ямар зүйлийг хариуцах вэ гэдгийг нэг бүрчлэн тусгасан. Зарчим нь иргэдээ ялгаварлахгүй, эрх эрх чөлөөг хангаж, гадаадад байгаа иргэдийн татан авах эрх, шийдвэрлэх төсөв санхүүг Засгийн газар, Улсын Онцгой комисс бүрэн олгож байна. Элчин сайдтай, сайдгүй газар ч байна. Зардал нэмэхгүйгээр дотроо гүйлгэж, төсвийн зохицуулалт хийж иргэдээ татан авах эрхийг нь өгч байна. Энэ сарын 30, ирэх сарын 02-нд гадаадаас иргэдээ татаж авахад бэлэн болж байгаа.
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Энэ хуульд хандивын асуудлыг тусгаж өгсөн. Хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотой гадны улс, орны тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах хүсэлтэй, санхүүгийн боломжгүй иргэдийг тодорхой шалгуурын хүрээнд тусламж үзүүлнэ гэж заасан.
БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ: Энэ цар тахлын хорио, цээрийн үед боловсролын салбар хүнд нөхцөлд ачаалал авч ажиллаж байна. Тэргүүлэх чиглэлийн багш нараар хичээл, сургалт явуулж байна. Амаргүй ажил, сорилт тулгарч байна. Удаан хугацаанд хорио, цээрийн дэглэмтэй холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Хичээл, сургуультай холбоотой буруу, ташаа мэдээлэл явуулж байна. Энэ тал дээр ямар заалт тусгаж өгөв. Хүн амын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдсан энэ нөхцөлд гүтгэсэн, хуурамч мэдээлэл их явж байна шүү дээ. Ийм хүнд нөхцөлд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ. Хамаагүй хайнга, хорон хандаж болохгүй гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл түгэх хандлага их байна. Үүнийг хуулиар хязгаарлаж өгсөн. Холбогдох газарт нь үүрэг болгосон. Худал мэдээлэл түгээж байгаа үйлдлийг таслан зогсоох, тэр түгээж байгаа пэйж хуудсыг хаах хүртэлх арга хэмжээ авна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч яг энэ зохицуулалт бий.
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Коронавирусний хуулийг их чухал гэж бодож байна. Ялангуяа гуравдугаар сарын 16-нд өвчин гарлаа гэхэд өнөөдрийн байдлаар 30 гарчихсан байна. Монгол Улсын Үндсэн хууль тавдугаар сарын 15-наас үйлчилж эхэлнэ. Энэ хуулийг үйлчилж эхлэхээс нь өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаач ээ гэж хүсэх байна. Учир нь, багадаа 100-400 хүний бөөгнөрөл бий болно. Айл, өрхийн хаалга нүднэ. Янз бүрийн байдлаар хүмүүс цуглуулна. Солонгосын хуулийг харахаар сурталчилгаагаа хийж байсан. Хоёрдугаарт, хэнийг өвдсөн гэдгийг нь хэлэхгүй байж болно. Гэхдээ хорио, цээрт байгаа хүний нэрсийг мэдмээр байна. Өнөөдөр 2000-3000 хүн тусгаарлалтаас гарч байна. Тэд гэртээ байх ёстой ч гадуур их явж байна. Энэ тохиолдолд хариуцлагыг тусгаж өгсөн үү. Тусгаарлалтад байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр үүрэгжүүлэх хэрэгтэй байна. Нэг алдчих юм бол гуравхан сая хүн чинь амархан шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Манай О.Баасанхүү гишүүн парламентад суугаад найман жил болж байна. Энэ хэлэлцэж байгаа хуулийн төслөө уншчихаад орж ирмээр байна л даа. Энэ хуулийн төслийн 12 дугаар зүйлд таны асуусан бүх зүйл туссан. Тухайлбал, амны хаалт зүүх, халдвар авсан бол эрх бүхий байгууллагын тусгаарлалтад байх зэрэг тусгаж өгсөн. Хэрэв энэ заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Журмын хүрээнд байсан ч гэсэн хувь хүнийг хариуцагажуулах асуудлыг яриад байна. Үүнийг уншсан эсэх нь хамаагүй. Бид зөв мэдээлэл өгөхгүй бол ард түмэн ойлголтгүй байна. Надад зориулж битгий хууль батал. Сонгуулийн үйл ажиллагааны явцын сурталчилгаа зэргийг нарийвчилж өгөхгүй бол корона чинь зардрах гээд байгаа юм биш үү.
Сэтгэгдэл ( 0 )