Х.Нямбаатар: Худал мэдээлэл тараасан цахим хуудсыг хаах хүртэлх арга хэмжээ авна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

УИХ-ын өчигдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Ийнхүү тус хуулийн төслийг хэлэлцэхээр тогтож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Коронавирусний халдварыг дэлхий нийт цар тахал гэж зарлаад байна. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд гаднын орноос 35 тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Төрөөс иргэд аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай журам, дотоод болон хил дээр ариутгал зэрэг асуудалд хуулийн зохицуулалт хангалтгүй байна. Энэ мэт шалтгаанаас үүдэж хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага урган гарч байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг холбогдох санал зэргийг харгалзан дөрвөн бүлэг 19 зүйл ангитайгаар боловсруулж өргөн барьсан" гэж тодотгосон юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ хуульд хандивын асуудлыг тусгаж өгсөн. Хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотой гадны улс, орны тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах хүсэлтэй, санхүүгийн боломжгүй иргэдийг тодорхой шалгуурын хүрээнд тусламж үзүүлнэ гэж заасан” гэж байлаа.

Ингээд хэлэлцүүлгийн явцад хэн ямар асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг сонирхуулъя.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Энэ цар тахлын хорио, цээрийн үед боловсролын салбар хүнд нөхцөлд ачаалал авч ажиллаж байна. Тэргүүлэх чиглэлийн багш нараар хичээл, сургалт явуулж байгаа. Амаргүй ажил, сорилт тулгарч байна. Хичээл, сургуультай холбоотой буруу, ташаа мэдээлэл явуулж байна. Энэ тал дээр ямар заалт тусгаж өгөв. Хүн амын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдсан энэ нөхцөлд гүтгэсэн, хуурамч мэдээлэл их явж байна шүү дээ. Ийм хүнд нөхцөлд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ. Хамаагүй хайнга, хорон хандаж болохгүй гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл түгээх хандлага их байна. Үүнийг хуулиар хязгаарлаж өгсөн. Холбогдох газарт нь үүрэг болгосон. Худал мэдээлэл түгээж байгаа үйлдлийг таслан зогсоох, тэр түгээж байгаа цахим хуудсыг хаах хүртэлх арга хэмжээ авна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч яг энэ зохицуулалт бий.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Коронавирусний хуулийг их чухал гэж бодож байна. Гуравдугаар сарын 16-нд анхны тохиолдол гарсан бол одоо 30 гарчихсан байна. Монгол Улсын Үндсэн хууль тавдугаар сарын 25-наас үйлчилж эхэлнэ. Энэ хуулийг үйлчилж эхлэхээс нь өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаач ээ гэж хүсэх байна. Учир нь, багадаа 100-400 хүний бөөгнөрөл бий болно. Айл, өрхийн хаалга нүднэ. Янз бүрийн байдлаар хүмүүс цуглуулна. Хоёрдугаарт, хорио, цээрт байгаа хүний нэрсийг мэдмээр байна. Өнөөдөр 2000-3000 хүн тусгаарлалтаас гарч байна. Тэд гэртээ байх ёстой ч гадуур их явж байгаа. Энэ тохиолдолд хариуцлагыг тусгаж өгсөн үү. Тусгаарлалтад байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр үүрэгжүүлэх хэрэгтэй. Нэг алдчих юм бол гуравхан сая хүн чинь амархан шүү дээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Манай О.Баасанхүү гишүүн парламентад суугаад найман жил болж байна. Энэ хэлэлцэж байгаа хуулийн төслөө уншчихаад орж ирмээр байна л даа. Хуулийн төслийн 12 дугаар зүйлд таны асуусан бүх зүйл туссан. Тухайлбал, амны хаалт зүүх, халдвар авсан бол эрх бүхий байгууллагын тусгаарлалтад байх зэргийг тусгаж өгсөн. Хэрэв энэ заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Бид хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмд ороод гурван сар боллоо. Дэлхийн улсуудыг хараад байхад хэсэгчилсэн хорио цээрийн ажиллагааг нэг сараас хэтрүүлэхгүй байна. Ингэхдээ “Та нэг сар гэртээ бай. Энэ хугацаанд эдийн засгийн ийм ийм боломжуудыг төр шийдэж өгнө” гэж томоохон эдийн засагтай улсууд хэлж байна. Гурван сарын дотор иргэд байгаа бүх нөөцөө барчихлаа гэхэд дараа нь яах вэ гэдэг асуудал энэ хуульд ерөнхий байдлаараа орсон байна. Гэвч эдийн засгийн асуудлуудаа тодорхой оруулж өгөх боломж байгаагүй юм уу. Уг хуулийн 13.2.2-т Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй гэсэн байна. Энэ үүргийг тодорхой болгож хэлж өгнө үү.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Тархалтыг яавал барих ёстой вэ, дотооддоо яавал алдахгүй байх вэ гэдэгт хуулийн гол агуулга оршино. Ингэхийн тулд төрийн тусгай чиг үүрэг бүхий тангараг өргөсөн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь үндсэн шаардлага болж байна. Бид эхний ээлжид хамгаалалтын арга хэмжээгээ аваад энэ амжилтаа бататгая. Дагасан эдийн засгийн багц асуудлыг шийдэхэд Засгийн газарт төсвийн эрх, Монголбанкинд мөнгөний бодлогын эрхийг нь нээгээд өгчихлөө. Үүнийг цааш үргэлжлүүлэх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top