ЧУУЛГАНЫ ТОЙМ: Ноос, ноолуурын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2020:04:24/ үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.БАТНАСАН: Ноолуур маш чухал салбар. Жилийн дөрвөн улиралд өдөр, шөнөгүй ажилладаг 200 мянган малчин иргэний том эрх ашиг байдаг. Сайдын мэдээллийг сонслоо, хэцүү л байгаа юм байна. Таны ярьж байгаагаар 3000 тонн ноолуурыг худалдаж авах юм байна. Цаана нь байгаа 7000 тонн ноолуурыг яах вэ. Таны ярианд баруун таван аймгийн малчид орсонгүй. Малчид ноолуураа зарах сонирхол их байна. Үлдсэн 7000 тонныг ямар үнээр яаж авах вэ гэдэг гаргалгаа хэрэгтэй байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Цар тахалтай холбоотой гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх нь хугацааны хувьд тодорхойгүй байна. Малчдад банкныхаа зээлийг хугацаанд нь төлөх шаардлага тавигдаж байсан. Монголбанк, Хөгжлийн банктай Засгийн газар ярилцсаны үр дүнд малчдын банкны зээлийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан. Энэ хугацаанд хүү, төлбөр, алданга тооцохгүйгээр шийдсэн. Энэ нь малчдад тодорхой хэмжээний боломжийг олгож байна. Нөгөө талаараа хөл хориотой холбогдуулан бодитойгоор хүлээхээс өөр аргагүйд хүрсэн. Энэ жилийн ноолуурын чанар их сайн байна. Энэ ноолуурыг саадгүй экспортод гаргах боломжийг нь нээж өгөхөөр ажиллаж байна. Дээр нь, тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх болно. Энэ хэлбэрээр үлдсэн 7000 тонн ноолуурыг боруулах ажлыг зохион байгуулна. Аймаг болгонд өмнөх жилийн дунджийг харгалзаж, борлуулж болох доод хэмжээг тогтоож өгсөн байгаа шүү. 

БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ: Засгийн газар дээр хоёр, гурван ч удаа нухацтай ярьсан асуудал л даа. Би Засгийн газар дээр яригдаагүй, ойлголтын зөрүүтэй байсан асуудал гэж ойлгож байна. Энд 3000 тонн ноолуураа бэлтгэсэн гэж яриад байна. Энэ бол зүүн аймгуудад л яригдах асуудал. Түрүүлж гарснаар нь гэдэг юм уу эх үүсвэр болсон 300 тэрбум төгрөг чинь дуусчихсан гэж ойлгоод байна. Гэтэл аймаг, аймагт нь хувь тэнцүүлж болоогүй юм уу. Энд яагаад эхний гарсан аймгаас нь аваад мөнгө дууссан гэдэг асуудал яригдаад байгаа юм. Баруун аймгуудад ноолуур гараагүй л байна. Одоо ноолуур нь гарч байгаа төвийн аймгуудыг яах юм. Аж ахуйн нэгжүүд 100 мянган төгрөгөөр авсан ноолуураа алдагдал хүлээж, зээлээ төлөхгүй байх, зах зээлээ буруу тооцоолсон зэрэг шалтгаан гарах уу. Хэрэв үүсвэл хэн хариуцах юм. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Тэгэхээр 300 тэрбум төгрөгөөр бэлтгэх ноолуурыг аймаг болгонд хувь тэнцүүлж хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ ажлаа төлөвлөхдөө энэ нөхцөлийг харгалзаж үзсэн. Гэвч үүнийг эрсдлээ хүлээгээд дэлхийн зах зээлийнхээ үнэ ханшийг тооцож үзээд зээлээ авч байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө шийднэ. Бид хүчээр тулгаж болохгүй. Аж ахуйн нэгжийн бүтцийг аваад үзэх юм бол Архангай, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймаг тус бүр дөрвөн аж ахуйн нэгж байна. Бусад аймагт нь гурав, нэг аж ахуйн нэгж эрхээ авчихсан байна. Цаана нь ноолуураа бэлтгэх хүсэлт ирүүлсэн 20 аж ахуйн нэгж байна. Тэдэнтэй гэрээ хийхдээ аль болох бүх аймгийг хамруулах тал дээр анхаарч ажиллана. 

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: Ноолуурын салбар бол экспортын гол салбар. Тодорхой хэмжээний валют оруулж ирдэг. Малчдын хувьд гол орлогын эх үүсвэр нь ноолуур. Үүгээрээ л зээлээ дардаг. Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг салбар юм. Энэ оны хувьд хүндрэлтэй байдал үүссэн. Үүнийгээ бид хэлэх ёстой. Дэлхийн зах зээлд ноолуурын ханш унасан. Үйлдвэрүүд нь хаагдсан. Хятадын зах зээл ямар байгаа билээ. Гэтэл ийм нөхцөлд ноолуурын үнэ ханшийг өндрөөр барина гээд үнийг нь тогтоочихсон юм. Өнөөдөр дунджаар 100 мянган төгрөг. Энэ ханшид хүргэнэ гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ ханшаа барьж чадах уу.

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Дундаж үнэ аймгуудаар тогтоосон доод үнэ хоёрын дунд 20-иод хувийн зөрүү бий. Гэхдээ би тэгтлээ их өндөр үнээр тогтоосон гэж бодохгүй байна. Хятадын зах зээлд нэг кг бохир ноолуур нь 140-өөс дээш байна. Дотоодын зах зээлтэй харьцуулах юм бол өмнөх оны түвшинг харгалзан үзсэн. Тиймээс дундаж үнэндээ хүрэхийг зорих ёстой. Цаг хугацаа байгаа болохоор малчид ноолуураа цэвэрлэх, хялгасыг нь түүх зэрэг боломж бий. 

УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА: Би асуулт гэхээсээ илүү санал хэлнэ. Ч.Улаан сайд аа одоо та болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос, ноолуурын үнийг нэмэх нь битгий хэл яаж иргэдээ хоолтой байлгах вэ гэдэг асуудалтай тулж байна. Гэтэл өнөөдөр та ноос, ноолуурын үнийг дэлхийн зах зээл дээр өсгөж зарна гэж шал худлаа юм яриад байна. Ингэж болохгүй, энэ чинь малчдад гай болно. Ч.Улаан сайдын энэ асуудал бол бүтэхгүй. Та Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгөөд байна, ингэж болохгүй. Үлгэр яриад сууж байна шүү дээ, та. Одоо тэр хуучин цагийн бодлогоосоо сал сайд аа. Та хоцрогдсон байна. Ноолуур малчдын хувьд хамгийн чухал орлого олдог зүйл. Гэтэл түүн дээр нь улс төр хийж, малчдын амьдралаар тоглож болохгүй.

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Д.Хаянхярваа гишүүний хэлсэн саналыг сонслоо. Тэгэхээр асуудалд бодитой л хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ 30-40 хувь өндөр байна. Бидний тогтоосон үнэ нэмж тогтоосон үнэ биш. Харин ч зах зээлийн хямралыг тооцож үзээд өнгөрсөн жилээс 30 хувиар бууруулж өгч байгаа юм. Энэ малчид мэдээлэлгүй болохоор очсон хүний аманд багтаж, 20 мянган төгрөгөөр ноолуураа зарах хэрэг үү. Тэгж таарахгүй гэж бодож байна. Би өөрийгөө буруу гэж бодохгүй байна. Бид зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй. Амьдрал үнэний шалгуур, одоо яарч дүгнээд яах вэ. Би ноолуурын үнэтэй зарах зорилгоо орхихгүй, ухрахгүй. 

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Ноолуурын асуудал тоглоом биш. Хэзээ энэ ноолуур чинь 100 мянган төгрөг болох вэ, Тэр мөнгөөрөө авч чадах юм уу, үгүй юу гэдэг зүйлийг малчид ярьж байна. Үүнд хариулт өгч чадахгүй байна. Та зүүн аймгаас ноолуураа 100 мянган төгрөгөөр зарчихдаг юм байна. Тэгвэл Архангай аймгийн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр зарж чадах уу. Тэр мөнгөөр нь зарж чадахгүй бол яах вэ, та хариуцлага хүлээх үү. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд гардаг. Чанар нь зүүн талдаа өндөр байдаг. Зүүн гурван аймагт манай ноолуурын 10 хувь л байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн явж байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй шүү дээ. Та мэдэж байгаа. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Чанараараа ялгаатай. Гэхдээ 40 мянгаар зарж болохгүй. Архангайн ноолуурын доод үнийг 85 мянган төгрөгөөр тогтоосон байгаа. 100 мянгыг баруун, зүүнээ дундажлаад нийт ноолуурандаа хуваагаад дундажлаад тогтоосон үнэ. Архангайг ноолуур нодлин 65 мянга байсан шүү дээ. Энэ жил 85 мянгаас битгий буулгаарай гэж байгаа. Бүх ноолуур 100 мянга хүргэх юм шиг мушгиж болохгүй. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: Үнэхээр ноолуурын орлого зогсох нь өрхийн эдийн засагт шууд нөлөөлнө. Бидний хувьд богино хугацаанд гадаад зах зээлээ ямар нэгэн арга замыг нээж, эрэлхийлэх нь чухал. Урд хөрштэйгээ хамтарч ажиллах, гаднын хөрөнгө оруулагчдыг татаж оруулж ирэх хэрэгтэй. Үүнд ямар ажлыг хийж байгаа юм бол оо. 

ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН: Ноолуурын асуудлаар бүгд санаа зовж байна. Би ойлгож байна, яах аргагүй санаа зовох зүйл. Малчдын орлогыг унагахгүй байх ямар арга зам байна тэрийг л хайж байна гэж ойлгож байна. Үлдэж байгаа 70 хувиа яаж борлуулах вэ гэдэг нь л чухал байна. Засгийн газар 300 тэрбум төгрөгийг гаргаад шийдчихлээ. Хэрэв одоо дахин 200 тэрбум төгрөг байвал бид ноолуурынхаа тал хувийг бодлогын гэрээгээрээ худалдаж авах боломж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.242.47.230) 2020 оны 04 сарын 26

малчид хэзээ ч ЗГ-аас ноолуур зарж өгөөч гэж хэлээгүй 2020оны сонгуулаар малчидаас санал авах зорилгоор Хүрэлсүх,Улаан,Оюун-Эрдэнэ нарын сонгуулын шоу малчидаа ялгаж байгаан нь ҮХ зөрчиж байна

0  |  0
зочин(103.242.47.230) 2020 оны 04 сарын 26

Малчид хэзээ ч ЗГ аас ноолуур борлуулж өгөөч гэж гуйгаагүй шүү энэ Хүрэлсүх,Улаан,Оюун-Эрдэнэ -3 сонгуулд зоиуулсан шоуу малчидаа баруун төв,говь, зүүн гэж

0  |  0
Зочин(122.201.22.235) 2020 оны 04 сарын 24

Ганцхан Улааны тойрог Сүхбаатарт л 100 мянгаар ноолуур авах нь баараггүй. Үүнийг тойргоо услах гэдгийм кк.

0  |  0
Top