УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлж, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсрууллаа гэлээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах аж.
Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэсэн бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал, зээлдэгчдийн тоо, төрөөс гарах зардал зэргийг урьдчилан тооцсон аж. Тогтоолын төсөлд тусгасан эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбогдуулан Америкийн Нэгдсэн Улс нь Холбооны Нөөцөөс 2.3 их наяд ам. долларыг эдийн засагт нийлүүлэх, Европын Төв банкнаас 750 тэрбум еврог зөвшөөрөгдсөн хөрөнгийг худалдан авахаар гаргасан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс коронавирустэй тэмцэх зорилготой нэг удаагийн шинжтэй эрх бүхий байгууллагад эрх олгосон хуулийг баталсан. Олон улсын эдгээр туршлагыг харгалзан халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих арга хэмжээний агуулгыг энэ тогтоолын төслөөр тодорхойлсон гэлээ.
Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Тогтоолын төслийг 04 дүгээр сарын 28-ны өдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад тус Байнгын хорооны гишүүдээс тодорхой санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх арга хэмжээний хүрээнд банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг чөлөөлөх талаар тодруулсан. Мөн 420 мянган зээлдэгчтэй банк бус санхүүгийн салбараа яаж дэмжихийг лавласан. Банкнаас зээл авч чаддаггүй иргэд энэ салбараас үйлчилгээ авч байгааг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дурдаад, нийт авч буй зээлийн 65 хувь нь хэрэглээний, 13 хувь нь худалдааны зээл байгааг харгалзан үзэж, дундаас доош түвшний амьжиргаатай хүмүүс голдуу үйлчлүүлдэг банк бус санхүүгийн салбарын талаар тодорхой арга хэмжээг тогтоолын төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн алтны дэлхийн зах зээлийн үнэ огцом өссөн боломжийг ашиглах ямар төлөвлөгөө гаргаж байгаа талаар тодруулсан юм.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар банкны эзэмшиж байгаа үнэт цаасыг худалдан авч банкуудад байгаа мөнгөний эргэлтийг дэмжихээр тусгаж буй аж. Эдийн засгийн хүндрэл банкны салбарт хүндээр тусч, 2.6 их наяд төгрөгийн зээлийн доголдол үүсэн, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулснаар тасалдал үүсч эхлээд буй учир зах зээл рүү мөнгө оруулах, зээл гаргах зорилгоор дээрх арга хэмжээг авахаар төлөвлөснийг Ажлын хэсгийн гишүүд тайлбарласан.
Түүнчлэн тогтоолын төсөлд банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх асуудлыг тусгасан гээд энэ хүрээнд “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэсэн хариулт өгсөн.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнэ 1700 ам.долларт хүртэл өсч байгаа энэ үед Засгийн газрын “Алт-2” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох зэрэг тодорхой ажлыг төлөвлөөд байгааг дуулгасан.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.
Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөл болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг хэлэлцэж хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын голомтын бүсэд болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн тусгай бүтээгдэхүүний талаар, түүнчлэн энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах тухай болон хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналуудыг хэлэлцэж, дэмжсэн хэмээн танилцуулав.
Хуулийн төслийн нэрийг “Коронавируст халдвар /covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” гэж өөрчлөх санал гаргасан бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )