Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд өчигдөр коронавирусний халдвараар өвчилсөн хүн бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн шинэ лабораторид нийт 163 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг иргэн, тандалтын зорилгоор Өвөрхангай аймаг болон Багануур дүүргээс цуглуулж хийсэн 46 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолооч, 43 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүнийг тусгаарласан байна. ХӨСҮТ-д нэмж 150 хүн авах боломжтой, бэлтгэлээ хангалаа. Одоо тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна" хэмээн ярилаа.