Загварын ертөнцийг өөрчилсөн есөн эмэгтэй

2020 оны 05 сарын 08

“Glamour” сэтгүүл, “McKinsey & Company” компанийн судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин их мөнгө хувцсанд зарцуулдаг нь тогтоогджээ. Гэвч эмэгтэйчүүдийн хувцасны загварыг эрчүүд зохион бүтээсэн хэвээр байна. “Business of Fashion” сэтгүүлээс хувцас загварын 313 компанид судалгаа хийж үзэхэд эмэгтэй загвар зохион бүтээгчид 40.2 хувийг эзэлж байжээ. Алдартай том брэндэд энэ тоо дөнгөж 14 хувь байгаа юм. Тэгвэл энэ уламжлалыг сөрөн, загварын ертөнцийг өөрчилж байгаа авьяаслаг эмэгтэй загвар өмсөгчид бас бий. Тэднээс есийг нь танилцуулъя


 

1.Рианна, 32 настай, Fenty, Savage x Fenty & Fenty Beauty

Өөрийн нэрийн брэнд хувцастай дуучин урьд өмнө ч байсан. Хүмүүс тэднийг дооглон инээж, тэд ч удалгүй загварын ертөнцөөс арилан оддог байлаа. Харин Рианна энэ салбарыг өөрчлөөд зогсохгүй, түүхэнд нь нэрээ үлдээж чадсан юм. Түүний “Savage x Fenty” брэнд “Дотуур хувцас бол ямар ч биетэй хүнд зохидог” гэдгийг дэлхийд харуулсан анхны загвар байлаа. Рианнагийн энэ брэнд “Victoria's Secret” шоуны нэр хүнд буурах гол шалтгаан болсон гэж шинжээчид үздэг. LVMH-тэй хамтран бүтээсэн Fenty брэнд нь ч тус компанид сүүлийн 30 жилд гараагүй үйл явдал болсон юм. Рианна загварын том компанид брэнд гаргасан анхны хар арьст эмэгтэй болоод зогсохгүй “LVMH” компанид өөрийн хүссэн стилиэр загвар бүтээх эрхтэй түүхэн дэх анхны хүн болж чадсан юм. Загварын ертөнцийн шинжээчид Рианна зах зээлийг дахин өөрчлөх нь гэж хэлж амжаагүй байхад дуучин бүсгүй загвартаа XL хэмжээг оруулж ирсэн. Алдартай брэндүүд ийм том хувцас хийж байсан түүхгүй. Удалгүй Рианна загварын шоу, үзүүлбэр огт хийхгүй гэж зарлалаа. Тэд загвараа “pop-up дэлгүүр” гэсэн шинэ хэлбэрээр танилцуулдаг, бараагаа зөвхөн албан ёсны сайтаараа дамжуулан худалдаалдаг.  Өөрөөр хэлбэл ямар ч дундын зуучлагч байхгүй гэсэн үг. Энэ тал дээр ч Рианна цаг хугацаанаас түрүүлж чадсан юм. Коронавирусний халдварын улмаас олон брэнд загварын шоунаас татгалзаж, онлайн танилцуулгыг сонгодог болоод байгаа билээ.

2.Симон Роша, 33 нас, Simone Rocha

Роша анхны загвараа 2010 онд Лондоны “Загварын долоо хоног” дээр харуулж, тэр дороо шүүмжлэгч, шинжээч нарын анхаарлыг тат­сан юм. Аав нь Их Бри­­­­­­­та­нийн алдарт загвар зохион бүтээгч, 1993 оны шилдэг загвар бүтээгчийн “British Fashion Awards” шагналт Жон Роша гэхээр хүмүүс сонирхох нь ойлгомжтой. Гэхдээ Симон аавынхаа мэргэжлийг л өвлөсөн болохоос уран бүтээлийн хувьд өөр замаар явсан юм. Торон даашинз, хатгамалтай захтай цамц түүний загварын таних тэмдэг болсон. Рошагийн компанид зөвхөн эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэй хүний хувцасны загварыг эмэгтэйчүүд л зохион бүтээх ёстой гэдэг нь түүний уриа. Симон Рошагийн брэндийг Кейт Миддлтон, Рианна, Мишель Обама нар өмсдөг. Роша 2016 онд шилдэг эмэгтэй загвар бүтээгчийн “British Fashion Awards” шагналыг хүртсэн.

3.Мария Грация Кьюри, 56 нас, Dior-ийн захирал

Мария Кьюригийн Dior брэндэд зориулан бүтээсэн шинэ загварууд сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа. Магтах нэгэн байхад шүүмжлэх шинжээч ч бас байна. Ямар ч гэсэн Кьюри Францын алдарт брэндэд шилжиж ирсэн нь загварын ертөнцийн түүхэнд үлдэх үйл явдал болсон. Кьюри “Dior” брэндийг удирдсан анхны эмэгтэй болж байгаа. Эмэгтэйчүүдийн эрх бол түүний онгодыг хөглөдөг гол сэдэв. 2016 онд Кьюри “We All Should Be Feminists” гэсэн бичигтэй алдарт загваруудаа толилуулж байлаа. Харин 2018 оны загвар нь Линда Нохлины 1971 оны “Яагаад эмэгтэй агуу уран зураач байдаггүй вэ” эссенээс сэдвээ авсан бол 2020 оны хаврын загвараа эртний сонгодог дагинад зориулж, “Хэрэв эмэгтэйчүүд дэлхийг захирдаг бол” гэсэн том бичгийн өмнө загвараа үзүүлж байв. Түүний загварын эмэгтэйчүүдийн эрх, тэгш эрхийн талаарх уриа лоозонг зураач бүсгүй Клэр Фонтейн гаргаж өгдөг. Жон Гальяногийн бүтээж байсан “Saddle” цүнхийг тэр өөрчлөн хийснээр Dior брэндийн орлого 2019 онд 15 хувь өсөж байлаа. 2019 онд Мариягийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг үнэлэн, Францын Засгийн газраас Хүндэт Легионы одонгоор шагнасан юм.

4.Стелла Маккартни, 48 нас, Stella McCartney үүсгэн байгуулагч

Стелла Маккартни бол эко загварын хөдөлгөөний удирдагч хүн. Амьтны гаралтай материалаас татгалзах уриаг анх тэр гаргаж байсан юм. Түүний ачаар л одоо загварын ертөнц ан амьтны үс хэрэглэхээ болиод байгаа. Маккартни үзэл бодлоо хөгжилтэй, хошин аргаар илэрхийлэх дуртай. Жишээ нь, нэг удаа зохион байгуулсан шоун дээр нь загвар өмсөгчид үржилд орж байгаа амьтдын бичлэг дор тайзан дээгүүр алхаж байлаа. 2020/2021 оны намар, өвлийн загварын үзүүлбэр дээр амьтны баг өмссөн моделиуд тайзыг чимсэн билээ. Стеллагийн гэрбүл шоуны ертөнцтэй салшгүй холбоотой. Түүний төгсөлтийн үзүүлбэрт Наоми Кэмпбелл, Кейт Мосс нар үнэгүй оролцож байлаа. Шууд өөрийн брэнд бүтээх боломжтой байсан ч тэр эхлээд туршлага хуримтлуулахаар шийдэж, өөр компанид ажилласан юм. 16 настайдаа Christian Lacroix-д орж, дараа нь Сэвил-Роу дахь “Edward Sexton”-д ажилласан. Энэ брэндийг түүний аав Битлз хамтлагийн Пол Маккартни  маш олон жил өмссөн гэдэг. 1997 онд Chloe брэндийг алдарт Карл Лагерфельдийн оронд удирдахаар очиж байлаа. Стелла гэр бүлийн нэр хүнддээ тулгуурлаад байхыг хүсдэггүй, өөрөө авьяаслаг загвар зохион бүтээгч. Ийнхүү олон жил туршлага хуримтлуулсны эцэст тэр 2001 онд өөрийн брэндтэй боллоо. Стеллагийн бүтээсэн хуримын хэд хэдэн загвар түүхэнд үлдсэн. 2000 онд Мадонна, 2018 онд Меган Маркл хурим хийхдээ түүний хуримын даашинзаар гоёж байжээ.

5.Миучча Прада, 70 нас, Prada-гийн хамтран эзэмшигч, Miu Miu брэндийн үүсгэн байгуулагч

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Миучча Прада загварын ертөнцөд орохыг огт хүсдэггүй байлаа. Тэр улстөр сонирхож, гүн ухааны доктор болж, эмэгтэй­чүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэхээр Италийн Коммунист намд элсэж байв. “1960-аад оны үед загварын шоу эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх талбар биш байлаа” гэж дараа нь дурсан ярьж байлаа. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт гэрбүлийнхээ бизнест орох нь ойлгомжтой байв. Түүний өвөө 1913 онд арьсан цүнх үйлдвэрлэдэг үйлдвэртэй байлаа. 1985 онд Прада нейлон цүнх гаргаж, 1995 оноос эрэгтэй цүнх ч хийж эхэллээ. 1992 онд эмэгтэй хямд хувцасны Miu Miu брэнд гаргасан нь их амжилт олсон. Өөрөө ч үнэтэй чамин хувцас өмсөхөөс зайлсхийдэг хүн. Forbes, Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн жагсаалтад байнга багтдаг.

6.Марин Серр, 28 нас, Marine Serre брэндийн үүсгэн байгуулагч

Франц бүсгүй Марин Серр харьцангуй нас залуу ч хашир туршлагатай загвар бүтээгч гэж хэлэхээр эмэгтэй. Серр Брюссель хотын Урлаг, архитекторын La Cambre сургуулийг төгсөж, Maison Margiela, Alexander McQueen, Dior брэндүүдэд дадлага хийсэн. 2017 онд шилдэг залуу загвар бүтээгчийн LVMH шагналыг хүртэж байлаа. Түүний анхны загварыг хараад Фиби Файло, Карл Лагерфельд, Николь Гескьер нарын алдартнууд ихэд гайхаж байсан гэдэг. Серрийг “Balenciaga” ажилд урьсан ч өөрийн брэндийг үүсгэн байгуулна гээд зөвшөөрөөгүй байна. Түүний бие барьсан хавирган саран хээтэй  комбинезоныг  Бейонсе, Кайли Женнер нар өмсөж, инстаграмын хит болгож байлаа. Хурц өнгө, үзэмжээс гадна Серр жирийн амьдралд ч хэрэг болдог зүйл бүтээх дуртай. Эмэгтэй хувцасны загварууд ихэнх нь халаасгүй байдаг ч Марин олон халаастай хантааз хийсэн нь шинэчлэгч нэрийг түүнд авчирсан билээ. “Би эмэгтэйчүүдийг хүчтэй, юунд ч бэлэн байгаасай гэж хүсдэг. Бид амьдрахын төлөө тулалдахад үргэлж бэлэн байх ёстой. Гэхдээ мэдээж эмэгтэйлэг талаа алдахгүй” гэж Марин өөрийн загваруудыг тодорхойлсон.

7.Карли Кушни, 31 нас, Cushnie брэндийн үүсгэн байгуулагч

Загварын ертөнцөд амжилтад хүрэх хоёр зам бий. Алдартай заг­варын брэн­дэд ажиллах, эсвэл өөрөө бүхнийг тэгээс эхлэх. Карли Кушни, Мишель Окс нар хоёр дахь замыг нь сонгосон юм. Тэд 2008 онд Cushnie et Ochs брэндийг үүсгэн байгууллаа. Биед өө сэвгүй суусан, ганган гоёмсог стиль нь охидын сэтгэлийг татаж байв. 2018 онд Мишель компаниасаа гарч, харин Карли брэндийнхээ нэрийг богиносгон, ажилласаар байна. Түүний загварыг Мишель Обама, Женнифер Лопес, Эшли Грэм, Люпита Нионго нар өмсөж байсан. Америкийн загвар зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

8.Аврора Жеймс, 33 нас, Brother Vellies брэндийн үүсгэн байгуулагч

Аврора Жеймс гутал, цүнхний брэндээ ӨАБНУ-ын уламжлалт гутлын нэрээр нэрлэсэн. Өмнөд Африк болон Кени, Мароккогийн энэхүү уламж­лалт гутал үйлдвэр­лэгчдийг дэмжих үүднээс ийм нэр өгсөн гэдэг. “Буяны ажил хийдэг олон компани бий. Харин би тэднээс ялгаатай нь ухуулах хуудас тараахаас илүү хүмүүст ажил олгохыг эрхэмлэдэг” гэж Жеймс ярьж байлаа. Тэдний компанийн загварын бүх студи Африкт байдаг. Тэнд эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн гарал үүсэлтэй, бэлгийн чиг хандлагатай хүмүүс ажилладаг. Загвартаа дахин ашиглах боломжтой материалууд хэрэглэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн жил Аврора “Canadian Designer Award” шагнал хүлээн авахад дуучин Никки Минаж, Бейонсе нар Brother Vellies брэндийн гуталтай тайзан дээр гарч байлаа.

9.Эмили Адамс Боде, 30 нас, Bode брэндийн үүсгэн байгуулагч

Эмэгтэй хувцасны үйлдвэрлэлд эмэгтэй загвар бүтээгч дутагдаж байхад эрэгтэй хувцасны загварт эмэгтэй зохион бүтээгч нэвтэрнэ гэдэг тун хэцүү. Бараг боломжгүй гэж хэлж болох ч Эмили Адамс Боде энэ ханыг даван гарч чаджээ. Боде 2018 онд Нью-Йоркийн эрэгтэй загварын долоо хоногт оролцсон анхны эмэгтэй загвар зохион бүтээгч болсон. 2019 онд нь Парисын загварын долоо хоногт тэр эрэгтэй хувцасны бүтэн цуврал толилуулсан юм. Бодегийн брэнд загварын зах зээлийн бүх хууль журмыг зөрчдөг ч амжилт олон, цэцэглэсээр байна. Тэд хувцсаа олноор үйлдвэрлэдэггүй, трэнд болгох гэж хөөцөлддөггүй, сурталчлаад байдаггүй. Харин ч эсрэгээр түүний загварууд хуучинсаг, хүнд гуниг төрүүлэх аястай. 2019 онд Боде “Шилдэг шинэ загвар зохион бүтээгч” шагнал хүртсэн бол Forbes сэтгүүл түүнийг бизнесийн янз бүрийн салбарын 30 нас хүрээгүй оддын чансаанд оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top