“Элэг нэгт Монголчууд” сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн шинэ цогцолборыг барих ажлыг дэмжиж, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газрын асуудлыг нь шийдвэрлэж өглөө.
Энэ талаар тус сангийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “2016 онд 3Элэг нэгт Монголчууд” ТББ маань байгуулагдсан. Үүнээс хойш Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд ХСҮТ-тэй хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нутагшуулан суулгаж чадсан. Улмаар эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, төвийн өргөтгөл зэрэг чамлалтгүй ажлыг хийсэн байдаг. Одоо бидний зорьж ажиллаг байгаа ажил бол Хавдар судлалын шинэ эмнэлэг барих юм. Учир нь манай улсад гэр бүлийн гишүүн нь хавдраар өвчлөөгүй айл өрх тун ховор. Жилд олноороо оношлогддог ч хавдрын эмнэлэг ачааллаа дааж чадахгүй байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн бүс нутагтаа толгой цохих шинэ эмнэлгийг бий болгохын төлөө ажиллаж байна. Шинэ эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд 200 сая ам.доллар шаардлагатай гэсэн техник эдийн засгийн үндэслэл гарсан. Мөн эмнэлгийн газрын асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Өнөөдөр гишүүн Х.Нямбаатар амлалтаа биелүүлж, бүх монголчуудад хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжийг нээж өгч байгаад баярлаж байна” гэлээ.
Ийнхүү өнөөдөр дүүргийн Газрын албанаас найман га газрын асуудлыг шийдвэрлэж өглөө. Уг эмнэлэг баригдсанаар ХСҮТ-ийн ачааалал 50 орчим хувиар буурахаас гадна иргэдийг хавдар туссан хойно нь биш эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд ажиллах боломж бүрдэх аж. Улсын хэмжээнд өдөрт 15 хүн хавдраар өвчилж, 12 хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс дэлхийн анагаах ухааны ололтыг санхүүгийн дарамтгүй хүрэх, эмчлүүлж чаддаг улс байх ёстой. Амлалтандаа хүрсэн Х.Нямбаатар гишүүнд талархаж байна хэмээн гавьяат эмч Ж.Чинбүрэн онцолсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид өнгөрсөн оны есдүгээр сард анх шинэ эмнэлэг барих асуудлаар уулзсан. Энэ хугацаанд зураг төсөл зэргийг боловсронгуй болгох талаар ажиллаж байгаа. Хамгийн гол тулгарч байсан асуудал нь газар байсан. Энэ асуудал өнөөдөр шийдвэрлэгдлээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын голын эрэг дагуу найман га газар шийдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн хэтийн төлөвлөлтөд тусгаснаар Сувилахуйн сургуулийг байгуулахаар төлөвлөж байна. Уг ажил ирэх онд эхлэх юм.
Мөн гаднын донор байгууллагуудаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох санал тавьсан. Хөл хорионы дэглэм буурсан үед дараагийн алхам буюу гэрээ хэлэлцээрийн ажилд орно. Бидний хувьд богино хугацаанд барилга байгууламж, санхүүгийн ажлыг шийдвэрлэх хэрэгтэй” байгааг хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Баяр хүргэе.
Браво!!!