Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2020.05.06-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн билээ.
Энэ дагуу эхний ээлжид ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор өнөөдөр (2020.05.13) эх орондоо ирж байна.
Оросын Агаар, сансрын хүчний ИЛ-76М цэргийн тээврийн гурван онгоцоор сонсогч, оюутнууд эх орондоо ирж байгаа бөгөөд эхний онгоц 13:15 цагийн орчимд газардлаа.
Гурван онгоцоор нийт 340 хүн ирсэн ба Батлан хамгаалах яам Улсын Онцгой комисстой хамтран эдгээр цэргийн алба хаагч болон сонсогчдыг хүлээж аван, Онцгой комиссын журам, чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон тусгаарлах ажлыг хамтран гүйцэтгэнэ.
БХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан "Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга гаргасны дагуу ОХУ-ын батлан хамгаалах яам ийнхүү богино хугацаанд өөрийн зардлаар монгол сонсогч, оюутнуудыг эх оронд маань хүргэж ирлээ. Энэ бидэнд том тус. Монгол, Оросын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцааг илэрхийлсэн, хоёр улсын Батлан хамгаалах сайдууд хамтран хилийн чанадад сурч байгаа сонсогчдын эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам" гэж ярилаа.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 0 )