Таван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа - Халдвар нэмж ИЛРЭЭГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн (2020.05.15) коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Эрүүл мэндийн яам өчигдөр “ОХУ-аас ирсэн сонсогчдоос 55 батлагдсан тохиолдол илэрч, үүн дээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг хүнээс вирус илэрснээр нийт 98 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүнээс 15 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжсэн. ХӨСҮТ-д 83 халдвартай иргэн эмчлүүлж байна" гэсэн мэдээлэл өгсөн.

Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Таван хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг мэдэгдээд, өчигдөр дөрвөн лабораторид 381 хүнд шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүст бүгдэд нь коронавирус илрээгүй" гэж мэдээллээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 199 хүнд шинжилгээ хийсний 190 нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд байжээ. Түүнчлэн Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор авсан хоёр сорьц болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан таван иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч,  тусгаарлагдан ажиглагдаж байсан 10 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 132 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Одоо өчигдөр "Алтанбулаг" боомтоор орж ирсэн 200 гаруй хүний шинжилгээг яаралтай хийнэ" гэв. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар аваад эдгэсэн өвчтөний тоо 20  болж, одоо ХӨСҮТ-д 78 хүн эмчлүүлж байна.  Эмчилгээний хугацаа дунджаар 25-30 хоног болж байгаа ба гол төлөв 20-25 насныхан байна гэж Д.Нямхүү  эмч мэдэгдлээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 171 хүн эмчилгээ, тусгаарлалтад байна. ОХУ-аас өчигдөр Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор дамжин ирсэн 200 гаруй оюутныг Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон аймагт тусгаарлажээ. Мөн Туркийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 179 зорчигчийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Эдгээр иргэдээс сорьц авч, цуглуулах ажил үүрээр дууссан ба шинжилгээ үргэлжилж байгааг сануулъя. 


Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 4.5 сая халдварын тохиолдол илэрч, 302 мянган хүн нас барж, 1.7 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 94 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа.  

Одоогоор Монгол Улсын хэмжээнд 1619 хүн ажиглалтад байгаа ба шинээр 400 хүн нэмэгджээ.

Зөвлөгөө, мэдээллийн 119 утсанд нийт 296 дуудлага ирсэн байна. Өчигдөр гадаадын хоёр орноос найман монгол иргэн холбогдож, зөвлөгөө авсан ба Шведэд амьдардаг нэг монгол иргэн халдвар авснаа мэдэгджээ. Ийн гадаадад амьдарч байгаа Монгол Улсын 32 иргэн халдвар авч, тэдний 13 нь эдгэсэн талаар ЭМЯ мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.197) 2020 оны 05 сарын 15

Manai emnelgiinhen mundag yumaa.Tav tavaar ni edgeegeed gargaad baigaarai. Bayarlalaa. Neg saihan udur bugdeeree coronagui bolj morio uralduulj suraa harvaj buhuu barilduulj saihan naadnaa.Ta nar mine bas biye bodooroi, Ta nariigaa mash ih hundelj ,hairlaj, itgej baigaa shuu ta nartaa.

0  |  0
Top