УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2020.05.15/ сүүлчийн хуралдаанаа хийж, завсарлалаа. Энэхүү УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Тэрбээр "УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхийн 210 гаруй оронд тархаж, 4.0 сая гаруй хүнийг халдварлуулсан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна.
Гишүүд санаачлан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан.
Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн" хэмээн онцоллоо.
Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг авахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100,000 төгрөгөөр нэмэгдсэн. Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрх, мал бүхий этгээдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсныг дурдав.
Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээ хангамжийг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.
Хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэрэг томоохон хууль, тогтоол баталсныг онцлон нэрлэлээ.
Улмаар 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн УИХ-ын батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа хэмээн хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэрэгжсэн нь хэд вэ?