Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдөр хийсэн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 1623 иргэн байгаа ба өнгөрсөн хугацаанд нийт 7195 иргэн тусгаарлан ажиглалтад оржээ.
Тодруулбал, одоогоор 5 хүртэлх насны 104 хүүхэд, 61 жирэмсэн эмэгтэй, чихрийн шижин өвчтэй 25, артерын даралт ихсэх өвчтэй 80, хорт хавдрын улмаас гадаадад эмчлүүлж байсан 22 иргэн иргэн тусгаарлах байранд байгаа ажээ.
Эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тусгаарлан ажиглах байранд болон ХСҮТ, Цэргийн төв эмнэлэгт үзүүлж байна. Тусгаарлалтад байгаа иргэдийн шүд өвдөх, өөрийгөө бэртээх, зулбахыг завдах зэрэг зүйл гарсан. Тухайн тохиолдол бүрт нь тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа талаар Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэв.
Тэрбээр мөн "Тусгаарлан ажиглах Цэргийн төв эмнэлэгт гадаадын улс орноос ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан, гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ чиглэлийг өөрчилж, Цэргийн төв эмнэлэгт цаашдаа COVID-19-ийн халдвартай иргэдийг авч эмчлэх чиглэлд бэлтгэл хангаж байгаа" гэв.