Монгол Улс хүүхдийн товлолт вакцинаа солиогүй гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 23

Хүүхдийн товлолт вакцины талаарх сөрөг мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхлээд байна. Тухайлбал, нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тариа хийсэн хэсэгт нь буглаа үүсэж, бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс  вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн билээ. 

Тэгвэл энэ асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар хариулт өглөө. 

О.Дашпагма эмч “Монгол Улсад хүүхдийн товлолтын дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Учир нь бид товлолт дархлаажуулалтад хэрэглэдэг вакцинаа зургаан сарын нөөцтэйгөөр нөөцөлж авсан. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаануудын нэг улаанбурхан, халдварт саа зэрэг өвчнүүд коронавирусийн халдвартай зэрэгцээд дэгдэх эрсдэл байна гэж үзээд, товлолтын дархлаажуулалтыг тогтвортой авч явах зорилт дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.

Сануулахад, вакциныг Өмнөд Солонгос, Бельги улсаас авдаг аж.

Вакцин хийснээр 0-5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа маш өндөр хувиар буурсан

О.Дашпагма “Монгол Улс орон даяар хатгалгааны вакциныг нэвтрүүлээд хийж байна. Хүүхдэд гурван удаагийн тун хийдэг. Энэ вакциныг нэвтрүүлснээр 5 хүртэлх насны буюу вакцинд хамрагдсан хүүхдүүдэд пневмоккокоор үүсгэгдсэн хатгалгаа маш өндөр хувиар буурсан. 30-40 хувиар буурсан. Маш хүнд хагалгаа, уушгины амьсгалын аппаратад ордог хатгалгаа өндөр хувиар буурсан. Энэ вакциныг нэвтрүүлснээр Covid-19-ийн хүндрэлээс бага насны хүүхдүүдээ сэргийлж байгаа ач холбогдолтой. Хүүхдэд хоёр, дөрөв, есөн сартайд хийлгэж, бүрэн гурван удаагийн тунг авснаар тухайн халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Монгол Улс Covid-19-тэй холбоотойгоор вакцинаа солиогүй. Жилд хоёр удаа ханган нийлүүлэлтээ хийдэг. Эхний нийлүүлэлтийг жилийн эхний хагас жилд, хоёр дахь ханган нийлүүлэлтийг жилийн хоёр дахь хагас жилд хийдэг. ДЭМБ-ын батламжийг авсан чанар, вакцины хүнд үзүүлж байгаа үр дүн, нөлөөлөл, хүнийг хамгаалж байгаа юм гэсэн үнэлгээтэй вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар 100 хувь авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр дархлаажуулдаг. 
 
Бид Өмнөд Солонгос улсаас тавт вакциныг, Пневмоккокийн вакциныг Бельги улсаас авдаг. Тавт вакцин нь таван өвчнөөс сэргийлдэг. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан болдог өвчнүүдээс сэргийлдэг. Тавт вакциныг тарьсны дараа хэсэг газрын урвал өгдөг. Тухайн хүүхдийн онцлогоос хамаараад вакцины дараа хариу урвал өгдөг. Энэ хариу урвал янз бүрээр илэрдэг. Ихэвчлэн өндөр халуурдаг” гэлээ. 

Мөн тэрбээр “Хүүхэд халуурсан үед халууныг бууруулах, хавдсан, улайсан үед харьяа эмнэлэгтээ хандаад, эмчээсээ зөвлөгөө аваад шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж, хүүхдэд үүсэх хүндрэлээс сэргийлэх болно. Вакцины дараа илэрч байгаа урвал нь хөнгөн байнгын илэрдэг урвал. Нийт тариулсан хүүхдийн 10-15 хувьд нь энэ урвал илэрч байгаа. Шинж тэмдгийг арилгаснаар хүндрэлээс сэргийлэх юм” гэлээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.34) 2020 оны 05 сарын 23

Сувилагчийн чадвараас болж байгаа байх хатуу зөөлөн гартай гэж манайхан ярьдаг бас буруу тарьсан байхыг үгүйсгэхгүй вакцины сувилагч гэж тусдаа биз дээ дурын тарианы сувилагч тарьдаггүй санагдах юм бас тухайн хүүхдийн онцлог нөлөөлөх байх

0  |  0
Top