Хүүхдийн товлолт вакцины талаарх сөрөг мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаж эхлээд байна. Тухайлбал, нэгэн ээж хүүхэд нь товлолт вакцинд хамрагдсанаар тарьсан газар нь буглаа үүсч бүтэн унтуулгатай хагалгаанд орсон. Зарим хүүхдэд вакцин хийлгэснээр улайж хавдах, буглах, хүндүүрлэх, үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Covid-19 өвчний улмаас улс орнууд хилээ хаасантай холбоотойгоор Монгол Улс вакцин авдаг орноо өөрчилсөн байж болзошгүй талаар бичсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ тайлбар мэдээлэл өгсөн энд дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдрийн /2020.05.23/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээллээр Covid-19-ийн улмаас дэлхий дахинд 80 сая гаруй хүүхэд дархлаажуулалтын вакцинаа хийлгэж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор дэлхий дахинд улаан бурхан болон халдварт саа өвчин дахин дэгдэх нөхцөл үүсэх эрсдэлтэй байна.
Монгол Улсын хувьд Covid-19-ийн халдвараас өмнө дархлаажуулалтын вакцины нөөцийг хангаж, тээвэрлэлт, хадгалалтын нарийн журмын дагуу авч ирсэн. Мөн бүх вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан ДЭМБ-ын гэрчилгээтэй орнуудаас авч ирсэн. Одоогоор нөхөн дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байгаа. Тиймээс товлолт дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах нь зөв" гэж уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )