Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордны "Б" танхимд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өгсөн бол үргэлжлүүлэн Шадар сайд Ө.Энхтүвшин нэгдсэн мэдээллийг өгсөн. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Дотооддоо халдвар авсан тохиолдолд гуравдагч шат эхэлнэ. Тэр шат битгий эхлээсэй. Ийм байдалд оруулахгүйн тулд бүгдээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй байна" хэмээн тодотгосон юм.
Тэгвэл яг одоо Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монгол Улсад 141 халдвар бүртгэгдсэн. Тэдний 33 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоо 108 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт зөөвөрлөгдөж ирсэн 141 тохиолдлын 121 нь ОХУ-аас халдвартай ирсэн. Англиас долоо, Өмнөд Солонгосоос гурав, Шведээс гурав, Францаас хоёр, Италиас нэг гэх мэтээр зөөвөрлөгдөж ирсэн. Нийт тохиолдлын 78 нь "Буянт-Ухаа" боомтоор, 63 хүн нь "Алтанбулаг" боомтоор орж ирсэн.
Өнөөдрийн байдлаар хоногт 150-200 эмч, мэргэжилтэн тусгай үүрэг гүйцэтгэж, тусгаарлалтад ажиллаж байна. Тэд тусгаарлалтын байранд байгаа 1141 хүнтэй ажиллаж байна.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд байнга зөвлөгөө өгч байна. Гаднын оронд Монгол Улсын 32 иргэн халдвар авсан нь тогтоогдсон. Эрүүл мэндийн яамтай байнгын холбоотой байна. Тэдний 13 нь эдгэрсэн. Харин Швед улсад халдвар авсан нэг иргэний биеийн байдал наашилсан. Бусад нь хөнгөн хэлбэрээр өвдсөн гэх мэдээлэл байна" гэсэн мэдээлэл өглөө.