Энэ оны сүүлч болон ирэх оны эцэс гэхэд Оросын эдийн засаг хямралын үеийг бүрэн даван туулж, ойрын 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 5 орны тоонд орно. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Владимир Путин Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар бага хурал дээр мэдэгджээ.
“Бидний тооцоолсноор, ирэх оны эхээр Оросын эдийн засаг хямралын уршгийг бүрэн гэтлэн давна” гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн байна.”Ойрын 10 жилийн хугацаанд ОХУ-ыг хүчирхэг эдийн засагтай таван орны тоонд оруулах томоохон зорилтоос гадна нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг өнөөгийн 19,7 мянган доллараас 35 мянга гаруй долларт хүргэнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Путины хэлснээр, энэ зорилтод хүрэхийн тулд хөдөлмөрийн бүтээмжийг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй бол, өндөр технологийн салбаруудад 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ.Түүний үзэж байгаагаар, “Оросын эдийн засаг болон улсын салбарт сул орон тоог цомхтгож, түүний оронд 25 сая орчин үеийн, өндөр цалинтай ажлын байр бий болгох хэрэгтэй. Одоогийн байдлаар тус улсын эдийн засагт 70 сая ажлын байр байгаагийн гуравны нэгийг нь зайлшгүй шинэчлэх ёстой” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )