Нэгдүгээр эмнэлэг эмчийн жорыг цахимаар илгээдэг боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Өнгөрсөн даваа гарагт Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг улсдаа анхны амбулаторийн эмийн санг нээсэн билээ. Эмийн сан нь дөрвөн үйлчилгээний цонхтой ба үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Дугаарлаж буй иргэд Эрүүл мэндийн даатгалаар 50 хувь хөнгөлж эм олгоно гэсэн ташаа ойлголттой байгаа тул энэ талаар эм зүйч Ж.Төрмандахаас тодруулга авлаа


-Амбулаторийн эмийн санг эрүүл мэндийн даатгалын 50 хувиар хөнгөлөлттэй үйлчилж байна гэж ташаа ойлгосон байна. Энэ талаар тодруулна уу?

Шинээр нээгдсэн эмийн сан маань 12,500 төгрөгийн  хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлт нь үйлчлүүлэгч 5000 төгрөгийн эм авсан ч бай 50 мянган төгрөгийн эм авсан ч бай хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Жишээ нь, 5000 төгрөгийн эм авбал үнэгүй авна гэсэн үг. Энэ нь Улсын Нэгдүгээр эмнэлгээр үзүүлж, оношлуулсан өвчтөнд хамаарна. Мөн эхний ээлжид туршилтаар дотор болон мэдрэлийн тасагтай хамтарч ажиллаж байна. Дээрх хоёр тасгийн эмчид үзүүлсэн иргэдийн эмийн жорыг шууд цахимаар амбулаторийн эмийн сан руу илгээх юм. Яваандаа бусад тасгууд нэмэгдэж хүрээгээ өргөжүүлнэ.

-Үйлчилгээ нэвтрүүлээд хэр үр дүнгээ өгч байна вэ?

-Тухайн өвчтөн эмчээрээ жороо бичүүлээд цахимаар эмийн сан руу илгээнэ. Эмийн сан дээр ирж, регистрийн дугаар болон нэрээ хэлээд жорын дагуу эмээ хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Ингэснээр эмч болон өвчтөн хоёрт аль алинд нь амар болж байна гэсэн үг. Үйлчлүүлэгч нь аль улсын эмийг худалдан авах вэ гэдгээ өөрөө сонгож болно. Манай улс эм, эмийн бүтээгдэхүүнийг хоёр гурван томоохон улсаас импортолж авдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ам сайтай байгаа шүү.

-Эмнэлэг, эмийн сантайгаа холбоотой ажиллах нь иргэд ам дамжсан эм худалдан авах, буруу эмчилгээ хийх зэрэг эмийн зохисгүй хэрэглээ багасах ач холбогдолтой юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Манайхан толгой өвдөөд гээд өвчин намдаах эм нэхдэг. Толгой өвдөх шалтгаан нь ямар ч өвчнөөс байж болно шүү дээ. Тэгэхээр эхлээд эмчид үзүүлж оношоо тодруулчихаад найдвартай, баталгаатай, эргэх холбоотой ажиллах нь хэн хэндээ чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top