Анжелина Жоли хүүхдүүдийнхээ хамт ХӨЛ ХОРИОНД ямар байгаагаа дэлгэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Холливудын жүжигчин Анжелина Жоли коронавирусний  улмаас зургаан хүүхдийнхээ хамтаар эдлэндээ хөл хорионд байгаа юм. Хэвлэлд хааяа нэг ам нээдэг тэрбээр Harper`s Bazaar-т хөл хорионы үеэр ямархуу байгаа талаараа ярьсан байна.

Мөн 11 настай хүү Нокс Жоли-Питтийнхээ авсан зургийг сэтгүүлд илгээжээ.

Тэрбээр “Янз бүрийн хөтөлбөр сонсож, судалгаа хийхэд ихэнх цагаа зарцуулж байна. Time, The New York, BBC World Service болон BLM-ийн тэмцэгчдийн нийтлэлийг голцуу унших болсон. Мөн саявтархан Жеймс Болдуиний тухай I Am Not Your Negro баримтат киног үзлээ. Америк дахь хүний эрхийн хөдөлгөөний тухай кино юм. Унтахынхаа өмнө Дон Маккаллины Unreasonable Behaviour-ийг уншиж, сүүлийн хагас зуун жилд сэтгүүлзүй хэрхэн өөрчлөгдсөнийг бодож эргэцүүлэх болсон.

Бусад эцэг эхчүүдийн адил ийм нөхцөл байдалд аль болох тайван амгалан байхыг хичээж байна. Хүүхдүүд минь бүү сандарч мэгдээсэй гэж хүсэж байна. Тэдэндээ өөрийн хайр, эрч хүчээ өгөхийг хичээдэг. Хөл хорионд байх үеэр олон л юм боллоо. Вивьен туулай маань өнгөрчихсөн. Дараа нь бид  туулайн хоёр зулзага авч хамтад нь тэжээж эхэлсэн. Туулай заавал хосоороо байх ёстой амьтан гэнэ. Тэр их халамж шаардсан эмзэгхэн юм аа” хэмээн өгүүлжээ.

Мөн хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийллийн тоо эрс нэмэгдсэнд сэтгэл эмзэглэж байгаагаа хэлсэн байна. АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон нийтийн жагсаалд оролцож буй хүмүүст талархаж буйгаа  илэрхийлжээ. Ийм амаргүй цагт гудамжинд гарч тэмцэхээс айгаагүй хүмүүсээр бахархаж буйгаа хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top