Д.Сарангэрэл: Үндэсний түүхий эдээр вакцин, бэлдмэл үйлдвэрлэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр (2020.06.19) Биобэлдмэлийн үйлдвэрийн Вакцин онош зүйн тасгийн нээлтийн ажиллагаа болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

2010 оноос тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгө болон дотоодын нөөц боломждоо тулгуурлаж 1.5 орчим тэрмбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн засч, үйл ажиллагааг нь 2019 оны аравдугаар сард сэргээсэн юм.

Харин хоёр дахь ажил буюу Вакцин онош зүйн  тасгийн урсгал засварт шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шийдвэрлэж өгснөөр зарим дээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Улмаар тасгийн үйл ажиллагааг өнөөдрөөс албан ёсоор нээлээ.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  хэлсэн үгэндээ “Одоогоос нэг жилийн өмнө Биобэлдмэлийн үйлдвэр 10 жил үйл ажиллагаагаа зогсоосны дараа үүд хаалгаа нээж байсан тэр мөчийг эргэн дурсахад сайхан  байна. Харин өнөөдөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн, дээжээ гаргачихсан,  ард иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд,  эрүүл мэндийн байгууллагад нийлүүлж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Манай Био бэлдмэлийн үйлдвэр 88 жилийн түүхтэй, 1932 онд анх удаа Ариун цэвэр бактер шинжилгээний институт хэмээх нэртэй байгуулагдаж байсан бол өнөөдөр “Биобэлдмэлийн үйлдвэр” нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үйлдвэр  40 жилийн өмнө цагаан цэцэг өвчнийг устгаж, ард түмнээ аюулаас аварч байсан  түүхтэй байгууллага. Өнөөдөр үндэсний түүхий эдээр үндэснийхээ вакцин био бэлдмэлийг үйлдвэрлээд, ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээнд санал болгоно гэдэг нь эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон алхам юм” гэлээ.
 

Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн Вакцин онош зүйн тасагт цаашдаа 20 гаруй тэжээлт орчин, колибактерин, галзуугийн эсрэг эдийн өсгөврийн вакцин, балнадын нян залгиур, шиллэг эд зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Тэгвэл өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд зарим бүтээгдэхүүнийхээ дээжийг дэлгэн тавьсан байлаа. Тэжээлт орчин гэдэг нь хэрэглэж буй зүйлийн бохирдолтой хэсгийн эрүүл ахуйн  шаардлага, стандартыг  тодорхойлж өгөх үүрэгтэй бүтээгдэхүүн аж. Бүх бүтээгдэхүүний гадна яаж хэрэглэх, ямар шинж тэмдэг илэрвэл үүнийг ашиглах зэрэг бүх заавар, зааварчилгааг бичиж өгсөн талаар тус төвийнхөн хэлж байлаа.
 

Эх сурвалж: ЭМЯ

Top