Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт дэлхийн стандартад нийцсэн 1.8 га цогц биеийн тамирын талбай өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орлоо. Хуучин уг талбайгаар алхаад гарахад ч тээглэж унаж, бэртэж гэмтэх эрсдэлтэй байв. Харин одоо хиймэл ногоон зүлэг, өнгө алагласан тоглоомын талбай босчээ. Хорооны өндөр настнууд болон хүүхэд багачууд уг бүтээн байгуулалтад ихэд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцож ажлын зураг төсөл, гүйцэтгэлтэй танилцсан юм.
Уг талбайд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннис, гар бөмбөг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн талбай, уртын харайлт болон гүйлтийн зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, авто зогсоол, үзэгчдийн суудал, төвлөрсөн бие засах газар, хашаа, хамгаалалтын байр, ногоон байгууламжийг иж бүрнээр нь байгуулжээ. Одоо гартааман замаас бусад тохижилтын ажил бүрэн дууссан гэдгийг албаныхан танилцууллаа.
Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан "Хотын хөгжил хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оруулсан. Мөн Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүргийн газруудад ногоон байгууламж, мөсөн ордон байгуулж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулах болно. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ нээх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот буцаан авч, тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбай, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож өгсөн” хэмээн хэллээ.
Хөл бөмбөгийн талбай нээлтээ хийгээд хэдхэн цаг болж байхад хэдий нь хүүхэд багачууд цугларч, чөлөөт цагаа өнгөрүүлж эхэлжээ. Хөл хориотой, цар тахал тархах эрсдэлтэй энэ үед тэдэнд гэртээ уйдаж суух, эсвэл гар утас, компьютерын дэлгэц ширтэх гэсэн хоёр сонголт л тулгарч байв. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гэрийнхээ гадаа орчин үеийн стандарт нийцсэн тоглоомын талбайд тоглох, эрүүл аюулгүй орчинд өдрийг өнгөрүүлэх боломж нээгджээ.
Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэсэн байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ гүйлтийн зам, 5500 ам метр хөлбөмбөгийн талбай, 880 ам метр сагсанбөмбөг болон гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийж дуусгажээ.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа “Ард түмнээ төлөөлөх парламентийн гишүүн хүний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчин, түүнийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүүтэй чиглэж ажилладаг. Өнөөдөр сонгогдсон тойрогт маань ийм бодит бүтээн байгуулалт босож, нээлтээ хийж буйд баяртай байна. Энэ бол хөл бөмбөг, гар бөмбөг тэргүүтэй олон төрлийн спортын талбай, гэрэл гэрэлтүүлгийн хамт цогцоор шийдэгдсэн цогц биеийн тамирын талбай. Цаашид Улаанбаатар хотын маань дүүрэг бүр ийм биеийн тамирын цогцолбор талбайтай болох шаардлага тулгарч байна. Миний хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бий болгож байсан. Өнөөдөр БЗД-ийн дөрөвдүгээр хороонд мөн ийм бүтээн байгуулалт боссон ихэд баяртай байна” гэв.
Анх хотын дарга 2019 оны тавдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх чиг үүрэг өгсөн байна. Ингээд нийт 1.8 га энэ талбайд теннис, гар бөмбөг, хөл бөмбөг, уртын харайлтын талбай, явган зам, авто зогсоол, бүрэн гэрэлтүүлэг бүхий биеийн тамирын цогц байгууламж босжээ. Цаашид энд нийтийн бие засах газар, 24 цагийн харуул хамгаалалт бий болгох зорилго тавин ажиллаж байна.
С.НАМХАЙ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
bg dvvregt hiij uguuchee..hvvhdvvd mashin zam deer toglood bhad oron suuts barih zuvshuurul olgood bgaa hot bguulaltiin gazar hotiin darga avilgaa bodood bh yum...alhah gazargvi tuurdug bair shg bolgoson hotiig hen hariutsah veee nohodoo
манай Дархан хотод ийм ажил дутаад байна ядахдаа спорт цогцолбороо түргэн дуусгаач дээ
1921 оноос хойш бараг 100 жилийн дараа одоо л нэг вм хийж байгаа юм уу МАН аа?\n100 жил засаглачаад арай ч дээ нийгэм урсгалаараа л явж байсан байх нь. МАНАН г устганаа.