Иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг сүүлийн зургаан жилээр гаргаж өгнө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай, энэ хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын банк, санхүүгийн байгууллага болон бусдаас авсан зээлийн түүхийн мэдээллийн бааз сүлжээ үүсгэж, мэдээллийг шинэчлэх, хадгалах, хамгаалах замаар эзэмшин ашиглаж, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд эдгээр төслүүдийг боловсруулжээ. Эдийн засгийн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг зарим өөрчлөлтүүдийг тусгах саналаа танилцуулсан юм. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн түүхийн мэдээллийг 10 жилээр багцлан гаргаж танилцахыг хүссэн хүнд өгөх тухай заалт байсныг зургаан жил болгон бууруулсан байна. Ингэхдээ зээлдэгчийн эрх ашгийг бодолцсон хэмээн ажлын хэсгийн гишүүд тайлбарласан. Байнгын хорооны зарим гишүүн иргэд орон сууцны зээлийг 10-15 жилээр авдаг. Аж ахуйн нэгжүүд 10 хүртэл жилээр их хэмжээний зээл авдаг. Гэтэл зээлийн түүхийн мэдээлэл нь зургаан жил болоод устах уу гэдгийг лавлаж байсан. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар зээлийн түүхийн мэдээлэл устахгүй, архивт хадгалагдаж байх бөгөөд лавлагаа авах гэсэн иргэн, аж ахуйн нэгжид бусдын зээлийн мэдээллийн сүүлийн зургаан жилийнхийг л гаргаж өгөхөөр өөрчлөх гэж байгааг мэдээлэв.Зээлийн мэдээллийн сан Төв банкинд хадгалагдах бөгөөд тус банкнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага зээлийн мэдээлэл, лавлагаа өгөх үйл ажиллагааг эрхлэх аж. Гурван газарт ийм зөвшөөрөл олгох тухай саналыг Төв банкнаас оруулж ирсэн ч ажлын хэсгийн гишүүд тусгай зөвшөөрлийн тоог хуулиар тогтоох шаардлагагүй гэж үзжээ. Хуралдаанаар ажлын хэсгээс танилцуулсан 50 гаруй саналын томъёоллоор санал хураалт явуулан, гишүүд дэмжсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top